ИОШУА 10:1-27
ИОШУА 10:1-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иошуа Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан билээ), мөн Гибеоны ард түмэн Израильтай энхийн гэрээ байгуулж, Израилийн газар нутагт багтсан зэргийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил аугаа том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм. Иймээс Иерусалимын хаан Адони-зедек нь Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт үг илгээн — Наашаа ирж надад туслагтун. Гибеон уруу довтолцгооё. Учир нь тэд Иошуа болон Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоосон билээ гэв. Тийнхүү Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын эдгээр таван хаан хүчээ нэгтгэн, бүх цэргүүдтэйгээ явж, Гибеоны ойролцоо байрлан, түүний эсрэг довтлов. Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад үг илгээн —Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулархаг нутагт амьдардаг аморичуудын бүх хаад бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн уруу даруйхан ирж, биднийг авран туслаач гэв. Тиймээс Иошуа бүх цэргийн хүмүүстэйгээ, хамаг эрэлхэг дайчдынхаа хамтаар Гилгалаас хөдлөв. Мөн ЭЗЭН Иошуад —Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа. Тийнхүү Иошуа Гилгалаас шөнөжин алхсаар, тэдний дээрээс гэнэт буув. ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд тэднийг үй олноор нь хядаж, Бет-хорон уруу өгссөн замаар тэднийг хөөн, Азека болон Маккеда хүртэл тэднийг цохив. Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа. ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө —Өө нар минь, Гибеоныг гийгүүлж, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв. Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар гийгүүлж, сар мэлтийн тогтжээ. Ийнхүү нар тэнгэрийн голд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдээгүй гэж үү? Үүнтэй адил, ЭЗЭН хүний дууг сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтав. Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуаран уруугаа буцав. Харин нөгөө таван хаан зугтан, Маккедагийн агуйд нуугдав. Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгааг Иошуа сонсоод, — Агуйн аманд том чулуунуудыг өнхрүүлэн тавьж, дэргэд нь хэдэн хүнээр хаадыг мануул гэж хэлэв. — Харин өөрсдөө тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь довтол. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ. Иошуа болон Израилийн хөвгүүд тэднийг бараг үгүй болтол үй олноор нь хядаж дуусаад, тэднээс амьд гарсан цөөнх нь бэхлэлт босгосон хотдоо хүрсний дараа бүхий л хүмүүс Маккеда дахь хуаранд байгаа Иошуа уруу аюулгүйгээр буцаж ирэв. Хэн ч Израилийн хөвгүүдийн хэнийх нь ч эсрэг ганц ч үг дуугарсангүй. Тэгтэл Иошуа —Агуйн амыг онгойлгож, таван хааныг над уруу авчир гэв. Тийнхүү тэд агуйгаас Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаан зэрэг эдгээр таван хаадыг гарган түүн уруу авчрав. Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд, Иошуа Израилийн бүх эрчүүдийг дуудан, өөртэй нь хамт явсан цэргийн жанжнуудад —Нааш ирж, эдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа. Иошуа тэдэнд —Бүү айж эмээгтүн. Хүчтэй бөгөөд зоригтой бай. Учир нь та нартай дайтах бүх дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ. Үүний дараа Иошуа тэднийг цавчин алж, таван модноос дүүжлэв. Тэд орой болтол модонд өлгөөстэй байлаа. Нар жаргахад Иошуа тушааж, тэднийг буулгаж аван, нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий.
ИОШУА 10:1-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Иошуа, Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан.) мөн Гибеоны оршин суугчид Израильтай энхийн гэрээ байгуулж, израильчуудтай нэгдсэнийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод, тэр ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил агуу том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм. Иймээс Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт Иерусалимын хаан Адони-зедек хэл хүргүүлэхдээ — Наашаа ирж, Гибеоныг цохиход надад туслагтун. Учир нь тэд Иошуа ба Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоожээ гэв. Тэгтэл Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын таван хаан бүх цэрэгтэйгээ хуран цугларч, Гибеоны ойролцоо байрлан, тэр хотын эсрэг хөдлөв. Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад хэл хүргүүлэхдээ —Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулаар нутагтай аморичуудын бүх хаан бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн дээр даруйхан ирж, биднийг авран туслаач гэв. Тиймээс Иошуа бүх дайчид болон хамаг эрэлхэг хүчит эрчүүдтэйгээ Гилгалаас хөдлөв. Мөн ЭЗЭН, Иошуад —Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа. Тийнхүү Гилгалаас жагсан шөнөжин алхсаар, Иошуа тэдний дээрээс гэнэт буув. ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулав. Гибеонд тэд үй олноороо хядуулж, Бет-хорон уруу өгссөн замаар зугтав. Азека болон Маккеда хүртэл тэд цохигдов. Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа. ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ Өө нар минь, Гибеон дээр, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв. Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв. Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож, Бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдсэн бус уу? Үүнтэй адил, хүний дууг ЭЗЭН сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтсан юм. Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуарандаа буцав. Харин нөгөө таван хаан зугтан, Маккедагийн агуйд нуугдав. Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгаа нь Иошуад дуулдахад — Агуйн аманд том чулуунуудыг өнхрүүлэн тавьж, хаадыг манах эрчүүдийг гарга гэж хэлэв. — Харин та нар тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь цохь. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ. Иошуа ба Израилийн хөвгүүд тэднийг хүйс тэмтэрч, тэдэнд эцсийн хүнд цохилт учруулав. Харин тэднээс зугтан амьд гарсан нь бэхлэлт босгосон хотуудад оров. Бүх хүн Маккеда дахь хуаранд байгаа Иошуа уруу амар тайван буцаж ирэв. Израилийн хөвгүүдийн хэнийх нь ч эсрэг хэлээ билүүдэх нэг ч хүн байсангүй. Тэгээд Иошуа —Агуйн амыг онгойлгож, таван хааныг агуйгаас гаргаж над уруу авчир гэв. Тийнхүү тэд агуйгаас Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны эдгээр таван хааныг гарган түүн дээр авчрав. Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд Иошуа Израилийн бүх эрсийг дуудан, өөртэйгөө хамт явсан цэргийн жанжингуудад —Нааш ирж, энэ хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа. Иошуа тэдэнд —Бүү ай, бүү шантар. Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь та нартай дайтах бүх дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ. Үүний дараа Иошуа тэднийг цавчин алж, таван модноос дүүжлэв. Тэд орой болтол модонд өлгөөстэй байлаа. Нар жаргах үед Иошуаг тушаахад тэднийг модноос буулган авч нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий.