ИОВ 20:1-29
ИОВ 20:1-29 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дараа нь наамат хүн Зофар хариулан — Миний дотоод түгшүүрээс ч болж, үүний улмаас зөрчилдсөн бодлууд минь намайг хариу хэлэхийг шаардаж байна. Намайг доромжилдог зэмлэлийг би сонссон бөгөөд миний ойлголтын сүнс намайг хариулахад хүргэнэ. Дэлхий дээр хүн үүссэнээс буюу эртний үеэс дараах зүйлийг чи мэдэх үү? Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ. Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрүүдэд тулж, толгой нь үүлсэд хүрдэг ч, тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм. Түүнийг харсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” гэж хэлэх болно. Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд тэд түүнийг олж чаддаггүй. Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон. Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд орон байр нь ч түүнийг дахин үздэггүй. Үр хүүхдүүд нь ядуусаас тааллыг хайж, өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгдөг. Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловч тэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг бөлгөө. Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай ч, тэрээр түүнийг хэлэн доороо нууцалж, тэрээр түүнийг хүсдэг бөгөөд түүнийгээ гаргадаггүй, харин амандаа хадгалдаг. Түүний ходоодон дахь хоол нь түүний дотор наж могойн хор болж хувирсан. Тэрээр баялгийг залгидаг боловч тэднийг бөөлжин гаргах болно. Бурхан тэднийг түүний гэдэснээс гаргана. Тэрээр наж могойнуудын хорыг сорж, хорт могойн хэл түүнийг алдаг. Зөгийн бал болон сүү ээдмээр урсах гол буюу урсгалууд уруу тэрээр хардаггүй. Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгидаггүй. Түүний худалдааны хөрөнгөний хувьд гэвэл тэрээр хэрэглэж ч чаддаггүй юм. Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэрээр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ. Тэрээр дотроо тайван байдлыг мэддэггүй байсан учраас тэрээр хүссэн ямар ч юмыг хадгалдаггүй. Түүнд залгих юу ч үлддэггүй, тиймээс түүний дэвшилт үүрдийнх биш ээ. Элбэг хангалууныхаа дүүрэн байдалд тэрээр давчдах болно. Гуниг зовлонтой хүн бүрийн гар түүний дээр ирнэ. Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан Өөрийн ширүүн уураа түүн дээр илгээх бөгөөд түүнийг идсээр байх үед түүний дээр уур хилэнгээ цутгана. Тэрээр төмөр зэвсгээс зугтаж болох боловч хүрэл нум түүнийг цоо хатгах болно. Хэн нэгэн түүнийг татаж, нуруунаас нь буюу цөснөөс нь гялбаж буй зэвийг гаргаж өгнө. Түүн дээр аймшгууд ирж, бүрэн харанхуй түүний эрдэнэст үлдсэн бөгөөд унтаршгүй гал түүнийг залгина. Тэр гал түүний майханд үлдэгсдийг шатаана. Тэнгэрүүд түүний гэм бурууг илчилж, газар дэлхий түүний эсрэг босох болно. Түүний гэрийн үр жимс зайлуулагдах болно. Түүний уур хилэнгийн өдөрт урсан одох болно. Энэ бол Бурханаас өгөх хорон муу хүний хувь болоод Бурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.
ИОВ 20:1-29 Ариун Библи 2013 (АБ2013)
Дараа нь наамат хүн Зофар хариулан —Доторх түгшүүрээсээ болоод Бодлууд минь намайг хариулахыг шаардаж байна. Намайг доромжилсон зэмлэлийг би сонслоо, Харин ухаарал ойлголтын минь сүнс надад хариулдаг. Дэлхий дээр хүн тавигдсан аль эртнээс Үүнийг чи мэдээгүй юу? Гэм буруутнуудын баяр хөөр зуурдынх Сүсэг бишрэлгүйчүүдийн баясгалан хормынх гэдгийг? Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрт тулж, Толгой нь үүлсэд хүрдэг ч, Тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм. Түүнийг харсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” хэмээн өгүүлнэ. Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд Шөнийн үзэгдэл мэтээр тэрээр замхарч алга болно. Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд Орон байр нь ч түүнийг дахин үздэггүй. Хөвгүүд нь ядуусаас тааллыг хайж, Өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгнө. Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловч Тэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг буюу. Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай байж, Хэлэн дороо тэрээр түүнийг нууцлан түүнийг хүсэж, эс явуулах агаад Амандаа түүнийг хадгалавч Тэр хоол нь ходоодон дотор нь хувирч, Хорт могойн цөс болно, дотор нь. Тэрээр баялгийг залгивч Бөөлжин гаргах болно. Бурхан гэдэснээс нь үүнийг гаргана. Тэрээр хорт могойн хорыг сорж, Хорт могойн хэл түүнийг ална. Зөгийн бал болон цөцгийгөөр цалгих урсгал, голыг тэрээр харахгүй. Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгихгүй. Олж авсан баялагтаа тэрээр баярлаж ч чадахгүй. Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ. Тэрээр дотоод тайван байдлыг мэдэхгүй учраас Хүссэн юугаа ч эс хадгалж үлдэнэ. Түүнд залгих юу ч үлддэггүй, Тиймээс түүний тансаглал тогтворгүй. Элбэг хангалуундаа ч тэрээр давчдах болно. Зовлонт хүн бүрийн гар түүний дээр бууна. Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан дүрэлзсэн хилэнгээ түүнд илгээх бөгөөд Идшин дээр нь энэ нь цутгана. Төмөр илднээс дайжиж чадсан түүнийг Хүрэл зэвт сум цоо хатгана. Түүнийг сугалж нуруунаас нь гаргахад Цөснөөс нь гялбаан мэт гараад Айдас хүйдэс түүн дээр бууна. Бүрэн харанхуй түүний эрдэнэсийг нөмөрсөн бөгөөд Унтаршгүй гал түүнийг залгина. Тэр гал түүний майханд үлдэгсдийг залгина. Тэнгэр түүний хилэнцийг илчилж, Газар дэлхий түүний эсрэг босох болно. Гэрийнх нь үр жимс зайлуулагдаж Бурханы хилэнгийн өдөр урсаж одох болно. Энэ нь гэм буруутанд Бурханаас өгөх хувь болоод Бурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.