ИОВ 1:13-22
ИОВ 1:13-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том ахын гэрт идэцгээж, дарс ууцгааж байсан өдөр Иов уруу нэгэн элч ирж, —Үхрүүд газар хагалж, илжигнүүд ч хажууханд нь идээшилж байв. Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал, харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв. Тэрээр —Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн, би тийшээ ч нүцгэн буцна. ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий нэр алдаршиг гэв. Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй.
ИОВ 1:13-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Нэгэн өдөр түүний хөвгүүд, охид хамгийн том ахынхаа гэрт идэцгээж, дарс ууцгааж байтал Иов уруу нэгэн элч ирж —Үхрүүд газар хагалж, илжигнүүд хажууханд нь идээшилж байсан. Савечууд довтолж, тэднийг булаан авч бас зарц нарыг илдний ирээр хөнөөлөө. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг бас зарц нарыг залгив. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алав. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн дарс ууцгааж байтал, харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө: Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, Нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв. Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.