ИЕРЕМИА 42:1-22
ИЕРЕМИА 42:1-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд, эш үзүүлэгч Иеремиад хандан —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНд залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн. Таны Бурхан ЭЗЭН бидний алхах замыг болон бидний хийх зүйлийг бидэнд хэлж өгөхийн төлөө залбираач гэж хэлэв. Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу та нарын Бурхан ЭЗЭНд залбирах гэж байна. ЭЗЭНий та нарт хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв. Тэгэхэд тэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭН тантай хамт бидэн уруу явуулах бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол, ЭЗЭН бидний эсрэг үнэн болон итгэлтэй гэрч байг. Өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг сонсоход энэ нь бидэнд сайн байхын тулд, тааламжтай ч бай, тааламжгүй ч бай, чамайг илгээсэн өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг бид сонсоно гэжээ. Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв. Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудыг болон их, бага бүх хүмүүсийг дуудаж, тэдэнд —Гуйлтаа өмнө нь танилцуулахын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв та нар үнэхээр энэ нутагт үлдвэл, Би та нарыг нураах биш, босгох бөгөөд та нарыг тастчин сугалах биш, тарин суулгах болно. Учир нь та нарт учруулсан гай гамшгийн талаар Би зөөлөн хандах болно. Өөрсдийн эмээж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь та нарыг түүнийг гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна. Тэрээр та нарт өршөөл үзүүлж, та нарыг өөрсдийн чинь хөрсөнд сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ. Харин та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг сонсохгүйгээр «Бид энэ нутагт үлдэхгүй» гэж хэлэх гэж байгаа бол, ингэхдээ «Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, тахлаар өлсөхгүй бөгөөд тэнд бид үлдэх болно» гэвэл, тийм нөхцөлд, Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд амьдрахаар шийдвэл, та нарын айж байгаа илд та нарыг тэнд, Египетийн нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд нас барна. Тиймээс Египет уруу явж, тэнд амьдрахаар шийдсэн бүх хүмүүс илд, өлсгөлөн болон тахлаар үхэх болно. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй» хэмээв”. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй”. Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт “Египет уруу бүү яв!” гэж айлдав. Өнөөдөр би та нарын эсрэг гэрчилсэн гэдгийг та нар тодорхой ойлгох хэрэгтэй. Учир нь та нар өөрсдийгөө хуурав. Учир нь “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бидний Бурхан ЭЗЭН юу ч хэлсэн, бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн, намайг өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу илгээсэн нь та нар шүү дээ. Ингээд би та нарт өнөөдөр хэлсэн боловч та нар уруу намайг илгээсэн зүйлсэд ч хүртэл та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНийг дагасангүй. Тийм учраас очиж, амьдрахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн болон тахлаар үхнэ гэдгийг та нар одоо тодорхой ойлгох ёстой гэв.
ИЕРЕМИА 42:1-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Дараа нь цэргийн бүх дарга нар, Кареагийн хүү Иоханан, Хошаиагийн хүү Азариа ба их, бага бүх хүн ойртон ирээд, эш үзүүлэгч Иеремиад —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ. Таны Бурхан ЭЗЭН алхах замыг маань болон хийх зүйлийг маань бидэнд мэдүүлж өгөх болтугай гэж хэлэв. Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу Бурхан ЭЗЭНд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв. Тэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭНээс танаар дамжин бидэнд илгээх бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол бидний эсрэг ЭЗЭН үнэн итгэлтэй гэрч байг. Таныг Түүнд илгээж буй бид бүхэн Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сайн ч бай муу ч бай дагах болно. Энэ нь Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаж, сайн сайхан нь бидэнд байхын тулд юм гэжээ. Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв. Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нарыг их, бага бүх хүний хамт дуудаж, тэдэнд —Гуйлтаа өмнө нь тавихын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар энэ нутагт эргээд амьдрах аваас, Би та нарыг нураах бус босгох бөгөөд та нарыг тастаж сугалах биш, тарьж суулгах болно. Та нарт учруулсан гай гамшгийн талаар Би харамсаж байна. Өөрсдийн айж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нарыг түүний гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна. Тэр та нарт өршөөл үзүүлж, та нарыг хөрсөнд чинь сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ. Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сонсохгүйгээр “Бид энэ нутагт амьдрахгүй” гэж хэлсээр, ингэхдээ “Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, талхаар ч өлсөхгүй бөгөөд тэнд бид амьдрах болно” гэвэл Иудагийн үлдэгсэд ээ, тэгвэл ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд цагаачлахаар шийдвэл, та нарын айж буй илд та нарыг тэнд Египет нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд үхнэ. Египет уруу явж, тэнд цагаачлахаар шийдсэн бүх хүн илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй” хэмээв. Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй.” гэв. Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт “Египет уруу бүү яв!” гэж айлдав. Өнөөдөр би та нарт анхааруулсан гэдгийг мэдэгтүн. Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ. Ингээд би та нарт өнөөдөр мэдүүлсэн боловч та нарт хэл хэмээн намайг илгээсэн Түүний юун дээр нь ч та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагасангүй. Тиймээс очиж, цагаачлахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн тахлаар үхнэ гэдгийг одоо тодорхой ойлгогтун гэв.