ИЕРЕМИА 10:1-25

ИЕРЕМИА 10:1-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израилийн гэр ээ, ЭЗЭНий чамд айлдаж буй үгийг сонс. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үндэстнүүдийн замуудыг бүү сур. Хэдийгээр үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг ч тэдгээрээс бүү ай. Учир нь хүмүүсийн заншил хий хоосон билээ. Яагаад гэвэл энэ бол ойгоос тайрсан мод буюу сийлбэрийн багажаар хийсэн дархан хүний гарын бүтээл юм. Тэд мөнгө болон алтаар чимдэг. Түүнийг ганхуулахгүйн тулд тэд түүнийг хадаас алхаар бэхэлдэг. Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй. Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай! Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ”. ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм. Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй. Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод. Давтсан мөнгийг Таршишаас, алтыг Уфазаас авчирч, дархны болон алтны дархны гараар бүтээсэн. Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан. Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм. Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж, үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй. Чи тэдэнд “Тэнгэрүүд ба газрыг бүтээгээгүй бурхад газар дэлхийгээс болон тэнгэрүүдийн доороос устах болно” гэж хэл. Өөрийн чадлаар газар дэлхийг бүтээсэн, Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон нь Тэр билээ. Өөрийн ухаанаараа Тэрээр тэнгэрүүдийг өргөсгөсөн. Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөд Тэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг. Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй. Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог. Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй. Тэд үнэ цэнэгүй, доог тохуу болох бүтээл. Шийтгэлийнхээ үед тэд устах болно. Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН. Бүслэлтэнд байдаг та нар газраас баглаатай юмаа ав! Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хаяж байгаа бөгөөд тэднийг олуулахын тулд Би тэднийг зовооно”. Гэмтлийн минь улмаас би гаслантай яа! Миний шарх эдгэршгүй. Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв. Миний майхан сүйтгэгдсэн бөгөөд миний бүх оосрууд тасрав. Миний хөвгүүд надаас явж, хэн ч үлдсэнгүй. Майхныг минь дэлгэж, хөшигнүүдийг минь тогтоох хэн ч байхгүй. Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ. Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна. ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ. Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ. Намайг засаач, ЭЗЭН, гэвч Өөрийн уур хилэнгээр бус, шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно. Таны мэддэггүй үндэстнүүд дээр, мөн Таны нэрийг дууддаггүй ургууд дээр уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин, шатааж, орон байрыг нь эзгүйрүүлсэн юм.

ИЕРЕМИА 10:1-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Израилийн гэр ээ, ЭЗЭНий чамд айлдаж буй үгийг сонс. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үндэстнүүдийн замналыг бүү сур. Үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг бол Чи харин тэдгээрээс бүү ай. Тэр хүмүүсийн заншил хий хоосон юм. Учир нь энэ нь ойгоос тайрсан мод, Сийлбэрчин хүний багаж ба гарынх нь бүтээл юм. Мөнгө болон алтаар чимснээс цаашгүй, Ганхуузай хэмээн алхаар хадаж бэхэлсэн байдаг. Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт Үл ярьж, эс явах тул тэднийгээ Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул Тэднээс бүү эмээ.” ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та аугаа бөгөөд Таны нэр хүч чадлаар аугаа. Үндэстнүүдийн Хаан, Танаас Хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн бүх мэргэн хүмүүсийн дунд Бас тэдний бүхий л хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй. Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод. Давтсан мөнгийг Таршишаас, Алтыг Уфазаас авчирч, Дархны болон алтны дархны гараар бүтээсэн. Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан. Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм. Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй. Чи тэдэнд “Тэнгэрс ба газрыг бүтээгээгүй бурхад дэлхийгээс болон тэнгэрсийн доороос устах болно” гэж хэл. Хүч чадлаараа дэлхийг бий болгож, Мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Тэр билээ. Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ. Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг. Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм. Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй. Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй. Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана. Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН. Бүслэлтэд байдаг та нар Газраас баглаатай юмаа ав! Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хөсөр хаяж, Тэдний дээр зовлон авчирна Тэгээд тэд үүнийг амсах болно.” Золгүй еэ! Гэмтэв би! Шарх минь эдгэршгүй. Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв. Майхан минь сүйтгэгдсэн бөгөөд Бүх оосор минь тасрав. Хөвгүүд минь надаас явж, хэн ч үлдсэнгүй. Майхныг минь дэлгэж, Хөшигнүүдийг минь тогтоох хэн ч алга. Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ. Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор Хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна. ЭЗЭН минь, замаа хүн өөрөө хардаггүйг би мэднэ. Алхмаа хүн өөрөө чиглүүлдэггүйг ч бас мэднэ. Намайг засаач ЭЗЭН, гэвч уур хилэнгээрээ бус, Шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно. Таны мэддэггүй үндэстнүүд дээр Таны нэрийг дууддаггүй ургууд дээр Уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин шатааж, Орон байрыг нь эзгүйрүүлжээ.