ШҮҮГЧИД 6:11-27
ШҮҮГЧИД 6:11-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНий тэнгэр элч ирж, Абиезри хүн Иоашт харьяалагдах Офрад байдаг царс модон доор суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв. ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэн —Эрэмгий дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд Гидеон хариулан —Эзэнтэн минь, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Бидний өвөг дээдэс “ЭЗЭН биднийг Египетээс авчирсан шүү” хэмээн бидэнд хуучилсан Түүний тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо ЭЗЭН биднийг орхиж, Мидианы гарт өгчээ гэхэд ЭЗЭН түүнд хандан, —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. Гидеон Түүнд —Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд, ЭЗЭН түүнд —Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв. Иймд Гидеон —Хэрэв би Таны мэлмийд таалал олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач. Би өргөлөө авч, Тань уруу буцаж ирэн Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач гэхэд ЭЗЭН —Чамайг буцаж иртэл хүлээе гэж айлдав. Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, махыг нь сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэр элчид тэдгээрийг авч ирэн түүнд өргөв. Бурханы тэнгэр элч Гидеонд —Мах болон исгээгүй талхыг авч, энэ хадан дээр тавиад, шөлийг дээрээс нь асга гэв. Тэр тийн үйлдэв. Ингэхэд ЭЗЭНий тэнгэр элч гартаа байсан таягийн үзүүрийг мах болон исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн, мах болон исгээгүй талхыг шатааж орхив. Тэгээд ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэхгүй болов. Энэ нь ЭЗЭНий тэнгэр элч байсныг Гидеон хараад —Аяа, Эзэн БУРХАН минь, би ЭЗЭНий тэнгэр элчтэй нүүр нүүрээрээ учрав хэмээн уулга алдсанд ЭЗЭН түүнд —Амар тайван байгтун. Бүү ай. Чи үхэхгүй хэмээн айлдав. Гидеон тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, түүнийгээ ЭЗЭН бол Амар тайван хэмээн нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл абиезричуудын Офрад байгаа. Тэр шөнө ЭЗЭН Гидеонд айлдан —Чи эцгийнхээ бухыг, долоон настай өөр бухны хамт авч, Баалд зориулсан эцгийнхээ тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь байх Ашерагийн баганыг тайрч унага. Энэ өндөрлөгийн оройд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун. Тайрч унагасан Ашерагийн баганын модыг ашиглан хоёр дахь бухаар шатаалт тахилыг өргөгтүн гэв. Гидеон өөрийн зарц нарын дундаас арван эрийг авч, ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэрээр эцгийн гэрийнхэн болон хотын хүмүүсээс ихэд эмээж байсан тул үүнийг өдөр хийлгүй, шөнөөр үйлдэв.
ШҮҮГЧИД 6:11-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Абиезри хүн Иоашийн эзэмшил Офра дахь царс модон доор ЭЗЭНий тэнгэрэлч ирж суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд үзэгдэн —Эрэлхэг хүчит дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд Гидеон хариулан —Эзэнтэн минь ээ, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Мөн бидний өвөг дээдэс “ЭЗЭН, биднийг удирдан Египетээс авчирсан” гэж бидэнд хуучилсан тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо биднийг ЭЗЭН орхиж Мидианы гарт өгчээ гэхэд ЭЗЭН түүнд хандан —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. Гидеон Түүнд —Эзэн минь ээ, би Израилийг аварч яахан чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассе дотроос хамгийн дорой нь төдийгүй би эцгийнхээ гэрт хамгийн отгон нь шүү дээ гэсэнд ЭЗЭН түүнд —Би чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохих мэт чи Мидианыг цохино гэв. Гидеон Түүнд —Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач. Би өргөлөө авч Тан дээр буцаж ирээд Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач! гэхэд ЭЗЭН —Чамайг буцаж иртэл Би байх болно гэж айлдав. Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, ишигний махыг сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэрэлчид тэдгээрийг авч ирээд түүнд өргөв. Бурханы тэнгэрэлч, Гидеонд —Мах болон исгээгүй талхыг авч энэ хадан дээр тавиад шөлийг дээрээс нь асга гэв. Тэр тийн үйлдэхэд ЭЗЭНий тэнгэрэлч гартаа байсан таягийн үзүүрийг мах ба исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн мах ба исгээгүй талхыг шатааж барав. Тэгээд ЭЗЭНий тэнгэрэлч зайлан одож үзэгдэхгүй болов. Тэр Нэгэн нь ЭЗЭНий тэнгэрэлч байсныг Гидеон хараад —А-яа, Эзэн БУРХАН минь! Би ЭЗЭНий тэнгэрэлчийг харав. Түүнтэй нүүр нүүрээрээ тулав гэсэнд ЭЗЭН —Амар тайван байгтун. Бүү ай. Чи үхэхгүй хэмээн түүнд айлдав. Гидеон тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, түүнийгээ ЭЗЭН бол амар тайван гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл абиезричуудын Офрад байгаа билээ. Тэр шөнөдөө ЭЗЭН, Гидеонд —Чи эцгийнхээ бухыг, долоон настай өөр бухын хамт авч, эцгийнхээ Баалын тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь буй Ашерагийн баганыг тайрч унага. Энэ хадны оройд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун. Тайрч унагасан Ашерагийн баганын модыг ашиглан хоёр дахь бухаар шатаалт тахилыг өргөгтүн гэж айлдав. Тэгээд Гидеон зарц нарынхаа дундаас арван эрийг авч, ЭЗЭНий өөрт нь айлдсан ёсоор үйлдэв. Тэрээр эцгийнхээ гэрийнхнээс болон хотын хүмүүсээс ихэд эмээж байсан тул үүнийг өдөр хийлгүй, шөнөөр үйлдэв.
