ШҮҮГЧИД 11:1-40
ШҮҮГЧИД 11:1-40 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гилеад хүн Иефта нь эрэлхэг дайчин боловч янхны хөвгүүн байв. Иефтагийн эцэг нь Гилеад байв. Гилеадын эхнэр ч түүнд хөвгүүдийг төрүүлэв. Тэр эхнэрийн хөвгүүд өсөж өндийгөөд, Иефтаг хөөж, —Чи өөр эмийн хөвгүүн учир бидний эцгийн гэр дотор чамд өв оногдохгүй гэж загнав. Ийнхүү Иефта ах дүү нараасаа зугтаан, Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх этгээдүүд Иефта уруу цуглаж ирэн, түүний хамт явав. Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа. Аммоны хөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахлагчид Иефтаг Тобын нутгаас авчрахаар яваад, тэд Иефтад —Ирж биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний удирдагч бологтун гэж ятгасанд Иефта Гилеадын ахлагчдад —Та нар намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан биш үү? Одоо зовлонд орохдоо та нар яагаад над уруу ирэх болов? хэмээв. Гилеадын ахлагчид Иефтад —Чи бидэнтэй явж, Аммоны хөвгүүдтэй тулалдаад, Гилеадын бүх оршин суугчдын тэргүүлэгч болно шүү дээ. Тийм л учраас бид чам уруу ирлээ гэв. Тэр Гилеадын ахлагчдаас —Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт тушаавал, би та нарын тэргүүлэгч болох уу? хэмээн асуусанд Гилеадын ахлагчид Иефтад —ЭЗЭН бидний хооронд гэрч болно. Үнэхээр бид чиний хэлснээр үйлдэх болно гэв. Тэгээд Иефта Гилеадын ахлагчдын хамт явж, ардууд түүнийг өөрсдийн тэргүүлэгч ба удирдагч болгосон. Иефта өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө Мизпад хэлэв. Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж, —Чи миний газар нутаг уруу дайтахаар миний эсрэг ирэх ямар хэрэг чи бид хоёрын дунд болсон юм бэ? хэмээн хэлүүлсэнд Аммоны хөвгүүдийн хаан хариуд нь Иефтагийн элч нарт —Яагаад гэвэл Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок болон Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газрыг энх тайвнаар буцааж өг гэжээ. Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг дахин илгээж, түүнд —Иефта ийнхүү хэлүүлжээ. “Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн газрыг ч Израиль аваагүй. Израиль Египетээс гарч ирж, цөлийг туулан Улаан тэнгис хүртэл явж, Кадешт ирэхдээ Едомын хаанд элч нарыг илгээн, «Биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч» хэмээн гуйсан боловч Едомын хаан хайхарсангүй. Тэд бас Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэр ч зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм. Дараа нь тэд цөлийг туулан Едомын болон Моабын газрыг тойрч, Моабын нутгийн зүүн талд ирж, Арноны чанадад буудаллав. Гэвч тэд Моабын газар нутагт халдан орсонгүй. Учир нь Арнон бол Моабын хил байв. Израиль Хешбоны хаан, аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн «Өөрсдийн газар уруугаа явахын тулд биднийг газар нутгаараа дамжин өнгөрүүлнэ үү?» хэмээн уламжлуулсан боловч, Сихон Израильд үл итгэн, өөрийн газар нутгаар өнгөрүүлээгүйгээр барахгүй бүх ард түмнээ цуглуулж, Иахазад хуарагнан, Израильтай тулалдсан юм. Израилийн Бурхан ЭЗЭН Сихон болон түүний бүх ард түмнийг Израилийн гарт тушаасанд Израиль тэднийг ялав. Ингэж л Израиль тэндхийн уугуул оршин суугчид болох аморичуудын бүх нутгийг эзлэн авсан билээ. Иймээс тэд Арнонаас Иаббокийг хүртэлх бас цөлөөс Иорданыг хүртэлх аморичуудын бүх газар нутгийг эзэмшсэн юм. Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэн болох Израилийн өмнөөс аморичуудыг хөөн зайлуулсны хойно одоо чи түүнийг эзэмших гэж үү? Чиний бурхан Хемош чамд юу эзэмшүүлэхээр өгснийг л чи эзэмшдэг биш үү? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хөөн зайлуулах бүхнийг бид эзэмших болно. Чи Моабын хаан Зиппорын хөвгүүн Балакаас юугаараа илүү юм бэ? Балак Израильтай тэмцсэн буюу тэдэнтэй тулалдсан удаа байна уу? Израиль нь Хешбон ба түүний харьяа гацаанууд, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эрэг дэх хамаг хотуудад гурван зуун жилийн турш израильчууд оршин суух хугацаанд та нар яагаад үүнийгээ тэднээс буцааж аваагүй юм бэ? Тэгэхээр Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй атал, миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэв гэжээ. Харин өөрт нь илгээсэн Иефтагийн үгийг Аммоны хөвгүүдийн хаан ойшоосонгүй. ЭЗЭНий Сүнс Иефтагийн дээр бууж ирсэнд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, дараа нь Гилеадын Мизпагаар дайран, Гилеадын Мизпагаас Аммоны хөвгүүд уруу хөдлөв. Иефта ЭЗЭНд тангараглан —Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл би Аммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх тэр л хүн ЭЗЭНийх байх бөгөөд би түүнийг шатаалт тахил болгон өргөнө гэж өгүүлэв. Ингээд Иефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар голыг гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа. Иефта Ароераас Миннитийн гарц хүртэл, хорин хотыг бас Абел-керамимын чанадад хүртэл довтлон, хүйс тэмтрэв. Ингээд Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө дарагдав. Иефта Мизпа дахь өөрийн гэртээ ирэхэд, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэв. Тэр охин түүний цорын ганц хүүхэд нь байсан бөгөөд Иефтад тэр охиноос өөр хөвгүүн ч, охин ч байхгүй байжээ. Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан —Хөөрхий охин минь! Чи надад асар их гуниг авчирлаа. Чи намайг шаналгав. Учир нь Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй гэв. Охин эцэгтээ —Эцэг минь, та ЭЗЭНд ам алдсан билээ. Таны дайсан болох Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН авч өгснөөс хойш хэлснийхээ дагуу надад үйлдэгтүн! гэжээ. Тэр эцэгтээ хандан —Үүнийг надад зөвшөөрөөч. Хоёр сарын хугацааг надад өгнө үү? Би найз нарынхаа хамт уулаар хэрэн явж, өөрийн онгон байдлын учир уйлан гашуудъя гэв. Иефта —Явагтун хэмээн өгүүлээд, охиноо хоёр сар явуулсанд охин найз нарын хамт явж, уулан дээр өөрийн онгон байдлын учир уйлан гашуудав. Хоёр сарын эцэст охин эцэгтээ буцаж ирсэнд эцэг нь тангарагласан тангаргийн ёсоор түүнд үйлдэв. Тэр охин эр хүнтэй унтаж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болсон билээ. Жил бүрийн дөрвөн өдөр Израилийн охид явж, Гилеад хүн Иефтагийн охиныг дурсан гашууддаг юм.
ШҮҮГЧИД 11:1-40 Ариун Библи 2013 (АБ2013)
Гилеад хүн Иефта нь эрэлхэг хүчит дайчин боловч янхны хөвгүүн байв. Гилеад, Иефтагийн эцэг байжээ. Гилеадын эхнэр ч түүнд хөвгүүдийг төрүүлэв. Тэр эхнэрийн хөвгүүд өсөж өндийгөөд Иефтаг хөөж, түүнд —Чи өөр эмийн хөвгүүн тул бидний эцгийн гэр чамд юу ч өвлүүлэхгүй гэв. Ийнхүү Иефта өөрийн ах дүүсээс дайжин зугтаж Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх хүмүүс Иефта уруу цуглаж түүний хамт явав. Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа. Аммоны хөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахмадууд Иефтаг Тобын нутгаас авчрахаар явжээ. Тэд Иефтад —Ирж, биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний жанжин бологтун гэж ятган хэлсэнд Иефта Гилеадын ахмадуудад —Намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан улс та нар биш бил үү? Одоо зовлонд орохоороо та нар яагаад над уруу ирэх болов? гэв. Гилеадын ахмадууд Иефтад —Чи бидэнтэй явж Аммоны хөвгүүдтэй тулалдвал Гилеадын бүх оршин суугчдын тэргүүн болно шүү дээ. Иймээс л бид чам уруу ирлээ гэв. Тэр Гилеадын ахмадуудаас —Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт өгвөл би үнэхээр та нарын тэргүүн болох уу? гэж асуусанд Гилеадын ахмадууд Иефтад —Бид чиний хэлснийг эс үйлдвэл ЭЗЭН бидний хооронд гэрч болог гэв. Тэгээд Иефта Гилеадын ахмадуудын хамт явж, ард олон түүнийг өөрсдийн тэргүүн бөгөөд жанжин болгов. Иефта Мизпад өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө хэлэв. Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж —Миний газар нутгийн эсрэг дайтахаар миний эсрэг ирэх юу чи бид хоёрын дунд болсон юм бэ? гэж хэлүүлсэнд Аммоны хөвгүүдийн хаан Иефтагийн элч нарт хариулж —Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок хүртэлх мөн Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газар нутгийг энх тайвнаар буцааж өг гэжээ. Иефта Аммоны хөвгүүдийн хаанд дахин элч нарыг илгээж, түүнд Иефта ийнхүү хэлүүлжээ. “Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн нутгийг ч Израиль аваагүй. Харин Израиль Египетээс гарч, Улаан тэнгис хүртэл цөлийг туулан явж Кадешт ирэхдээ Едомын хаанд элч нар илгээн «Биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч гэж гуйж байна» гэсэн боловч Едомын хаан сонсоогүй. Тэд түүнчлэн Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэр ч бас зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм. Дараа нь тэд цөлийг туулан Едом болон Моабын газрыг тойрч Моабын нутгийн зүүн талаас нь ирж, Арноны цаана буудаллав. Гэвч Арнон нь Моабын хил тул тэд Моабын газар нутагт орсонгүй. Израиль бээр Хешбоны хаан, аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн «Биднийг газар нутгаараа дамжин өнгөрүүлнэ үү? Өөрсдийн газарт очих гэсэн юм» хэмээн хэлүүлсэн боловч, Сихон Израильд үл итгэн өөрийн газар нутгаар өнгөрүүлэлгүй бүр бүх ард түмнээ цуглуулж Иахазад хуарагнан Израилийн эсрэг тулалдсан юм. Тэгэхэд Израилийн Бурхан ЭЗЭН, Сихон болон түүний бүх ард түмнийг Израилийн гарт тушаан өгсөнд Израиль тэднийг цохив. Ингэж л Израиль тэндхийн уугуул оршин суугчид болох аморичуудын бүх нутгийг эзэмшилдээ авсан билээ. Ийнхүү тэд Арнонаас Иаббокийг хүртэлх мөн цөлөөс Иорданыг хүртэлх аморичуудын бүх нутаг дэвсгэрийг эзэмшсэн юм. Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэн болох Израильд аморичуудыг хөөн зайлуулж өгсөн атал одоо чи биднийг зайлуулна гэж үү? Чиний бурхан Хемош чамд хэнийг зайлуулж өгнө түүнийг нь л чи эзэмшдэг бус уу? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хэнийг хөөн зайлуулна тэдний нутгийг бид эзэмших болно. Чи Зиппорын хөвгүүн Моабын хаан Балакаас илүү юү? Балак Израильтай тэмцсэн юмуу тэдэнтэй дайн өдөөсөн удаа байна уу? Израилийг Хешбон ба түүний харьяа суурин, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эргийн дагуух бүх хотуудад гурван зуун жилийн турш оршин суух хугацаанд яагаад үүнийгээ та нар израильчуудаас буцааж аваагүй юм бэ? Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй. Миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэж хэлүүлжээ. Харин өөрт нь илгээсэн Иефтагийн үгийг Аммоны хөвгүүдийн хаан сонссонгүй. ЭЗЭНий Сүнс Иефта дээр байсанд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, Гилеадын Мизпагаар дайран Гилеадын Мизпагаас цааш Аммоны хөвгүүд уруу хөдлөв. Иефта, ЭЗЭНд андгайлан —Хэрэв Та Аммоны хөвгүүдийг үнэхээр миний гарт өгвөл Аммоны хөвгүүдээс намайг амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь хаалгаар угтан гарч ирэх хэн ч бай тэр ЭЗЭНийх байг. Түүнийг би шатаалт тахил болгон өргөнө гэж хэлэв. Ингээд Иефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар гол гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа. Иефта тэднийг Ароераас Миннит хүртэл цохиж хорин хот бас Абел-керамимын чанадад хүртэл довтлон маш том ялагдал хүлээлгэв. Ийнхүү Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө бөхийв. Иефта Мизпа дахь гэртээ ирэхэд, харагтун, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэх нь тэр. Иефтад түүнээс өөр хөвгүүн ч, охин ч байхгүй, тэр түүний цорын ганц охин нь байсан ажээ. Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан —А-яа, охин минь! Надад чи асар их гаслан авчирлаа. Шаналлын минь учиг чи болов. Учир нь би ЭЗЭНд том ам өгсөн агаад буцах газар надад үгүй гэлээ. Охин эцэгтээ —Эцэг минь, та ЭЗЭНд том ам өгсөн. Таны дайсан Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН нэгэнт авч өгсөн тул амласныхаа дагуу надад үйлдэгтүн! гэжээ. Тэр эцэгтээ хандан —Надад нэгэн зүйлийг зөвшөөрөөч. Би найз охидынхоо хамт уулаар хэрэн хэсэж охин онгоныхоо учир уйлан гашуудах хоёр сарын хугацааг надад өгнө үү? гэсэнд Иефта —Явагтун гээд охиноо хоёр сар явуулсанд охин нь найз охидынхоо хамт уулаар өгсөн явж, охин онгоныхоо учир уйлан гашуудав. Хоёр сар болсны эцэст охин эцэгтээ буцаж ирэв. Эцэг нь өгсөн өчгийнхөө дагуу түүгээр ам өчгөө биелүүлэв. Тэр охин эр хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болжээ. Израилийн охид гилеад хүн Иефтагийн охиныг дурсан жил бүр дөрвөн өдөр явж гашууддаг болсон юм.