ИСАИА 65:1-25 - Compare All Versions
ИСАИА 65:1-25 АБ2004 (Ариун Библи, 2004)
“Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Намайг эрээгүй хүмүүст Би олдов. Миний нэрийг дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав. Өөрийн бодлыг дагаж, буруу замаар явагч, бослого гаргагч ард түмэн уруу Би бүхэл өдрийн турш мутраа сунгасан. Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон, цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж, булшнуудын дунд сууж, нууц газруудад шөнийг өнгөрөөн, гахайн мах идэн, савандаа бузар махны шөлийг хийдэг бөгөөд, «Зогс. Над уруу бүү ойртогтун. Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг. Тэд бол Миний хамарт үнэртэх утаа, бүх л өдөржин шатдаг гал юм. «Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн. Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө. Түүгээр ч үл барам Би тэдний өвөрт нь төлнө. Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна. Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан, толгод дээр Намайг доромжилсон. Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”. ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Хонхорцог дотор шинэ дарс олдвол «Түүнийг бүү устгагтун. Түүнд ивээл байна» хэмээн хүн өгүүлдэг мэт, Би Өөрийн боолуудын төлөө үйлдэж, тэднийг бүгдийг нь устгахгүй. Би Иаковаас үр удмыг нь, Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна. Тэр ч байтугай Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн, Миний зарц нар тэнд амьдарна. Намайг хайгч Миний ард түмний төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхрийн хэвтэр болно. Харин ЭЗЭНийг орхин, Миний ариун уулыг мартан, Аз завшааны төлөө ширээ засаж, Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс та нарын хувьд гэвэл, Би та нарын хувь тавиланд илдийг зориулахад та нар бүгдээрээ аллагад бөхийнө. Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй. Би айлдсан боловч та нар сонссонгүй. Та нар Миний өмнө мууг үйлдэн, Миний хүсээгүйг сонгосон”. Тийм учраас Эзэн БУРХАН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө. Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана. Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ. Үзэгтүн, Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулах боловч, та нар шаналсан сэтгэлдээ уйлж, цөхөрсөн сүнсэндээ цурхирах болно. Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг ална. Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана. Яагаад гэвэл дэлхий дээр ерөөгдсөн хүн нь үнэний Бурханаар ерөөгдөнө. Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана. Учир нь урьдын зовлонгууд мартагдаж, Миний хараанаас нуугдсан. Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна. Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун. Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг, баяслын төлөө түүний ард түмнийг бүтээнэ. Мөн Би Иерусалимд баярлан, Өөрийн ард түмэнд баясаж байна. Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй. Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч, өөрийн өдрүүдийг гүйцээгээгүй хөгшид ч байхгүй болно. Зуу наслаад үхэх хүнийг залуу, зуу нас хүрээгүй нэгнийг хараагдсан хүн гэж тооцох болно. Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Тэд барихгүй, өөр хүн сууна. Тэд тарихгүй, бусад нь иднэ. Харин Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болох бөгөөд Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө. Тэд дэмий хоосон ажиллахгүй, зовохын тулд хүүхэд төрүүлэхгүй. Учир нь тэд ба тэдний үр удам нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн хойч үе билээ. Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ. Чоно хургатай хамт бэлчин, арслан үхэр мэт сүрэл идэж, шороо нь могойн хоол болно. Тэд Миний бүх ариун ууланд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
ИСАИА 65:1-25 АБ2013 (Ариун Библи 2013)
Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Хайгаагүйд нь Би олдов. Нэрийг минь дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлджээ. Бодолоо дагаж, сайн бус замаар явагч, Тэрслүү ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав. Энэ ард түмэн нүүрэн дээр минь Намайг байнга доромжилж, Цэцэрлэгт тахил өргөн тоосгон дээр үнэртнийг шатааж, Булшнуудын дунд сууж, Нууц газруудад шөнийг өнгөрөөн, гахайн мах идэж, Савандаа бузар шөлийг хийдэг бөгөөд, «Зогс. Над уруу бүү ойртогтун. Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг. Тэд хамарт минь үнэртэх утаа, Бүх л өдөржин шатдаг гал юм. Үзэгтүн, Миний өмнө бичигдсэн бөгөөд Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө, Би өвөрт нь төлнө. Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.” ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хонгорцог дотор шинэ дарс олдвол «Түүнийг бүү устга. Түүнд ивээл байна» гэж хэлдэг мэт Би боолуудынхаа төлөө үйлдэж, Тэднийг бүгдийг нь устгахгүй. Би Иаковаас үр удмыг, Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна. Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн Зарц нар минь тэнд амьдарна. Намайг хайгч ард түмний минь төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхэр сүргийн хэвтэр болно. Харин ЭЗЭНийг орхин Ариун уулыг минь мартаж, Аз завшаанд ширээ засаж, Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс ээ. Би дуудсан боловч та нар хариулсангүй, Би хэлсэн боловч та нар сонссонгүй, Харин Миний өмнө мууг үйлдэн Хүсээгүйг минь сонгосон учраас Би та нарыг илдэнд зориулахад Та нар бүгд аллагад бөхийнө” Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, зарц нар минь идэх боловч та нар өлсөнө. Үзэгтүн, зарц нар минь уух боловч та нар цангана. Үзэгтүн, зарц нар минь баясах боловч та нар ичнэ. Үзэгтүн, зарц нар минь зүрхэндээ баярлан дуулах боловч, та нар зүрхэндээ шаналан уйлж, Цөхөрсөн сүнсэндээ цурхирна. Та нар нэрээ Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг алах бөгөөд Харин зарц нараа өөр нэрээр дуудна. Дэлхий дээр өөрийгөө ерөөгч нь үнэний Бурханаар ерөөгдөнө. Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана. Учир нь урьдын зовлон шаналангууд мартагдаж, Нүднээс минь нууцлагджээ. Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч буухгүй. Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун. Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг, Баяслын төлөө ард түмнийг нь бүтээнэ. Би Иерусалимд мөн баярлан ард түмэндээ баясна. Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй. Тэнд цөөн хоногтой нялхас ч, Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. Зуу наслаад үхсэнийг нь залуугаараа гэж үзнэ Зуу хүрээд үрэгдсэн нь нүгэлтэн гэж тооцогдоно. Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Бусдыг суулгах гэж тэд барихгүй. Бусдад идүүлэх гэж тэд тарихгүй. Харин ард түмний минь өдрүүд модны нас шиг боллоо Сонгосон хүмүүс минь Гарынхаа бүтээлийг удаан эдэлнэ. Тэд дэмий хоосон ажиллахгүй, Зовлонгийн төлөө хүүхэд төрүүлэхгүй. Учир нь тэд ба хойч үе нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн үр удам билээ. Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ. Чоно хургатай хамт бэлчин арслан үхэр мэт сүрэл идэх бөгөөд шороо нь могойн хоол болно. Бүх ариун ууланд минь тэд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.