ИСАИА 60:1-22 - Compare All Versions

ИСАИА 60:1-22 АБ2004 (Ариун Библи, 2004)

“Бос, гэрэлт. Учир нь чиний гэрэл ирж, ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн, гүн харанхуй хүмүүсийг хучсан. Гэвч ЭЗЭН чиний дээр мандан, Түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд чиний гэрэл уруу, хаад нь чиний мандах туяа уруу ирнэ. Нүдээ өргөн орчин тойрноо харагтун. Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна. Чиний хөвгүүд алс холоос ирнэ. Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ. Чи харж, царай чинь гэрэлтээд, чиний зүрх хөдлөн, баясна. Яагаад гэвэл далайн баялаг та нарынх болж, үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ. Тэмээн сүрэг, Мидиан болон Ефагийн ботгонууд чамайг бүрхэнэ. Тэд бүгдээрээ Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран, ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээнэ. Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөн, Би Өөрийн сүр жавхлант гэрийг алдаршуулна. Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ? Үнэхээр эргийн орнууд Намайг харуулдана. Чиний Бурхан ЭЗЭНий нэр, Израилийн ариун Нэгэний төлөө алс холоос чиний хөвгүүдийг алт, мөнгөтэй нь хамт авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд ирнэ. Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм. Харийнхан хана хэрмийг чинь босгон, тэдний хаад чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч, өршөөлөөрөө Би чамайг өрөвдөх болно. Учир нь чиний дааман хаалганууд өдөр ч, шөнө ч хаагдахгүй, ямагт нээлттэй байж Хүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирч хаад нь цувааг хөтөлж ирнэ. Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана. Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно. Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн, чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө. Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ. Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж, хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч, Би чамайг мөнхийн бахархал, үеэс үед баяр хөөр болгоно. Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн, хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ. Би чамд зэсийн оронд алт, төмрийн оронд мөнгө, модны оронд зэс, чулууны оронд төмөр авчирч, чиний төр баригчдыг амар амгалан болгон, чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно. Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ. Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний Бурхан чиний алдар болно. Хойшид чиний нар шингэхгүй, сар чинь хавиргалахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний гашуудлын өдрүүд төгсөнө. Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм. Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно”.

Хуваалцах
ИСАИА 60 АБ2004

ИСАИА 60:1-22 АБ2013 (Ариун Библи 2013)

Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, Хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, Алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд Далайн баялаг чинийх болж, Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир Зүрх чинь чичрэн баясна. Үй олон тэмээ, Мидиан болон Ефагийн торомнууд чамайг бүрхэнэ. Тэд бүгд Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран ЭЗЭНий магтаалыг тунхаглана. Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд тахилын ширээнд минь нийцэж Би сүр жавхлант гэрээ алдаршуулна. Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ? Тэр чамайг алдаршуулсан учир Бурхан ЭЗЭНий чинь нэрд, Израилийн Ариун Нэгэнд Хөвгүүдийг чинь мөнгөтэй, алттай нь, Алс холоос авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд нь Ийнхүү эргийн орнууд Намайг харуулдана. Гаднын хүмүүс хана хэрмийг чинь босгон, Хаад нь чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч Тааллаараа Би чамайг өрөвдөх болно. Үндэстнүүдийн эд баялгийг чамд ирүүлж, Хаадыг нь авчрахын тулд Үүд хаалга чинь өдөр ч, шөнө ч хаагдахгүй, Ямагт нээлттэй байх юм. Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана. Ариун газрыг минь үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох Майлс, жодоо, нягт шар мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно. Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ. Хэдийгээр чи хаягдан үзэн ядагдаж, Хэн ч дайран өнгөрдөггүй байсан ч Би чамайг мөнхийн бахархал, Үеэс үед баяр хөөр болгоно. Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн Хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би чиний Аврагч, Чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ. Зэсийн оронд алт, Төмрийн оронд мөнгө, Модны оронд зэс, Чулууны оронд төмөр авчирч, Төр баригчдыг чинь амар тайван, Харгалзагчдыг чинь зөвт байдал болгоно, Би. Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ. Өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, Сарны туяа ч чамайг гийгүүлэхгүй. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл, Бурхан чинь чиний алдар болно. Хойшид нар чинь шингэхгүй, Сар чинь хавиргалахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, Гашуудлын чинь өдрүүд төгсөнө. Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, Хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.

Хуваалцах
ИСАИА 60 АБ2013