ИСАИА 49:1-13

ИСАИА 49:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Арлууд аа. Намайг сонсогтун. Алс холын хүмүүс ээ, анхаарагтун. Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан. Эхийнхээ дотор байхаас минь Тэр Намайг нэрлэсэн. Тэр Миний амыг хурц илд мэт болгон, мутрынхаа нөмөрт Намайг далдалж, шилмэл сум мэт болгон, саадаг дотроо Намайг нуусан. Тэр Надад “Израиль аа. Чи Миний Зарц. Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна” гэж айлдав. Харин Би “Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ. Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт, Миний шагнал бол Бурхантай минь хамт юм” гэсэн. Иаковыг Өөртөө буцаан авчирч, Израилийг Өөртөө цуглуулахын тулд Намайг эхийн хэвлийнээс Өөрийнхөө Зарц болгосон ЭЗЭН одоо ийнхүү айлдаж байна. (Би ЭЗЭНий өмнө хүндлэгдсэн. Миний Бурхан Миний хүч болсон.) Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг. Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв. Үндэстнүүдэд үзэн ядагдсан, басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно, ноёд ч мөн бөхийнө”. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг хамгаалан, Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, газрыг дахин сэргээж, сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана. Хоригдогсдод «Гарагтун» гэж, харанхуйд оршигч хүмүүст «Үзэгдэгтүн» гэж хэлнэ. Замын дагуу тэд идээшлэн, бүх нүцгэн өндөрлөгүүд дээр тэдний бэлчээр нь байх болно. Тэд өлсөхгүй, цангахгүй. Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан, усны ундарга уруу дагуулна. Би Өөрийн бүх уулсыг зам болгож, Өөрийн замуудыг босгоно. «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ». Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.

Хуваалцах
ИСАИА 49 унших

ИСАИА 49:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Эргийн орнууд аа, Намайг сонсогтун. Алс холын хүмүүс ээ, анхаарагтун. Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан. Эхийнхээ умайд байхаас л Нэрийг минь Тэр дурдсан. Амыг минь хурц илд мэт болгож, Мутрынхаа нөмөрт Намайг далдалж, Шилмэл сум мэт болгон, Саадаг дотроо Тэр Намайг нуусан. Тэр Надад “Израиль аа. Чи Миний зарц. Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна” гэж айлдав. Харин Би “Дэмий хөдөлмөрлөж, хүчээ юунд ч биш, хоосон зарцуулжээ, Би. Гэвч үнэхээр шударга ёс минь ЭЗЭНтэй хамт, Шагнал минь Миний Бурхантай хамт юм” гэсэн. Иаковыг Өөртөө буцаан авчирч, Израилийг Өөртөө цуглуулахын тулд Намайг эхийн хэвлийгээс зарцаа болгосон ЭЗЭН одоо ингэж айлдаж байна. (Би ЭЗЭНий мэлмийд алдар хүндтэй, Бурхан минь Миний хүч болсон.) Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөн үлдэгсдийг сэргээхийн тулд Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг. Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд Би Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв. Хүн бүхэнд жигшигдсэн, Үндэстнүүдэд басамжлагдсан, Захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч, Ариун Нэгэн, ЭЗЭН Ингэж айлдаж байна. “Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж Хаад үзээд босно, ноёд ч сөгдөж мөргөнө.” ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, Авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг сахин хамгаалах бөгөөд Газрыг дахин сэргээж, Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно. Тэд өлсөхгүй, цангахгүй, Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба Усны ундаргуудын хажуугаар дагуулна. Би бүх уулаа зам болгож, Замууд минь өргөгдөнө. «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, Тэдгээр нь умард, өрнөдөөс Синимийн газраас бас тэдгээр нь ирнэ.» ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун.

Хуваалцах
ИСАИА 49 унших