ИСАИА 41:1-20
ИСАИА 41:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
“Эргийн орнууд аа. Намайг чимээгүй сонсогтун. Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё. Хэн дорно зүгээс нэг хүнийг босгох вэ? Хэн түүнийг үнэн зөв дотор Өөртөө үйлчлүүлэхээр дуудах вэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан авчирч, хаадыг дардаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов. Тэр тэднийг хөөж, урьд хөл тавьж байгаагүй замаар амар тайван өнгөрнө. Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? Хэн эхнээс нь түмэн үеийг бий болгосон бэ? ЭЗЭН Би бол эхлэлд ч, төгсгөлд ч байна. Би бол Тэр мөн”. Эргийн орнууд үзээд айж, дэлхийн хязгаарууд чичирлээ. Тэд ойртон ирлээ. Хүн бүр хөршдөө туслан, ах дүүдээ “Зоригтой бай” гэж өгүүлнэ. Ингэж дархан нь хайлуулагчийг зоригжуулж, лантуучин нь дөшчингөө зоригжуулна. Гагнаасны талаар “Сайн байна” гээд тэр түүнийг ганхуулахгүйн тулд хадаасаар бөхөлнө. “Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа! Би чамайг дэлхийн хязгаараас авч, хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн. «Чи Миний боол. Би чамайг сонгосон. Чамайг голоогүй. Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална». Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн гутаагдаж, хүндлэгдэхгүй. Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө. Чамтай маргалдагчдыг чи эрэвч олохгүй. Чамтай дайтагчид юу ч биш болж, оршин тогтнохгүй. Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна. Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Үзэгтүн, Би чамайг хоёр давхар үзүүртэй, шинэ, хурц лантуу болгоно. Чи уулсыг бутлан, нунтаглаж, толгодыг сүрэл мэт болгоно. Чи тэднийг шигшинэ. Салхи тэднийг хийсгэн, шуурга тэднийг тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно. Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй. Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж, хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож, хатсан газрыг усны ундарга болгоно. Би зэлүүд газарт хуш, хуайс мод, мирт хийгээд чидун моддыг тавьж, цөлд арц, жодоо, нарс модыг хамт суулгана. Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан, танин мэдэх болой.
ИСАИА 41:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)
“Эргийн орнууд аа. Миний өмнө чимээгүй бай. Ард түмнүүд хүчээ шинэчлээд, Урагшлан ирж ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё. Хэн дорно зүгээс зөвт нэгнийг өсгөн Хөл дээр нь босохоор дуудсан бэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан өгч, Түүнд хаадыг захируулдаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, Нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов. Тэр тэднийг мөшгөхдөө, Урьд нь хөл тавиагүй замаар амар тайван өнгөрдөг. Эхнээс нь үеийнхнийг дуудан Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? ЭЗЭН Би эхнийх бөгөөд төгсгөлд ч Би Тэр мөн.” Эргийн орнууд үзээд айж, Дэлхийн хязгаарууд цочирдсоор Ойртон ирлээ. Хүн бүр хөршдөө туслан Ах дүүдээ “Тууштай бай” гэж хэлнэ. Ийнхүү дархан нь алт хайлуулагчийг зоригжуулж, Лантуугаар тэнийлгэгч нь дөшчингөө зоригжуулна. Гагнаасны талаар “Сайн байна” гээд Ганхуулахгүйн тулд түүнийг хадаасаар бөхөлнө. “Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа! Би чамайг дэлхийн хязгаараас авч, Өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ «Чи Миний боол. Би чамайг сонгосон бөгөөд Чамайг голоогүй. Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ» Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, Чамтай маргалдагчид сөнөнө. Чамтай тэмцэгсдийг чи эрэвч эс олно. Чамтай дайтагчид юу ч биш болж үл оршин тогтноно. Учир нь Би баруун гараас чинь атгах Чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна. Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална” гэж Чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН тунхаглаж байна. Үзэгтүн, Би чамайг шүдтэй, Шинэ, хурц бутлагч зэвсэг болгоно. Чи уулсыг бутлан нунтаглаж, Толгодыг сүрэл мэт болгоно. Чи тэднийг цацах ба Салхи тэднийг хийсгэн Хуй салхи тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно. Ядуус ба үгээгүйчүүд ус эрэх боловч байхгүй. Цангаснаас болж хэл нь хатаж байна. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй. Би өндөрлөгүүд дээр гол урсгаж, Хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм, Хатсан газрыг усны ундарга болгоно. Би зэлүүд газарт хуш, хуайс, гавирт мод хийгээд чидун моддыг тавьж, Цөлд майлс, жодоо, нягт шар модыг хамт суулгана. Үүнийг ЭЗЭНий мутар хийж, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг Тэд харж, мэдэн тунгааж, ухаарах болой.