ИСАИА 18:1-7 - Compare All Versions
ИСАИА 18:1-7 АБ2004 (Ариун Библи, 2004)
Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа, харамсагтун. Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмэн уруу, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу явагтун. Ертөнцийн оршин суугч, газар дээр амьдрагч та бүгд уулсын дээр туг босмогц үзэх болно, бүрээ үлээмэгц сонсох болно. Иймээс “Би Өөрийн орших газраас гэрэл доторх гялалзсан халуун мэт, ургац хураах үеийн аагим халуун шиг, шүүдрийн үүл мэт тайван харж байх болно” гэж ЭЗЭН надад айлдав. Учир нь ургац хураахын өмнө цэцэг дэлгэрч, үзмийн жимс боловсроход, Тэр нахиаг хутгаар тайрч, сэрийсэн мөчрүүдийг тараана. Тэд хамтдаа уулын махчин шувууд, газрын араатнуудын төлөө үлдэнэ. Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж, газрын араатнууд ургац хураалтын үеийг тэдэн дээр өнгөрүүлнэ. Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түмэн цэргийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түмэн цэргийн ЭЗЭНий нэрэмжит газар Сион ууланд авчирна.
ИСАИА 18:1-7 АБ2013 (Ариун Библи 2013)
Хөөрхий еэ, Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа. Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан завиар Элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, Хол ойрыг айлгасан ард түмэн уруу, Гол мөрнөөр хуваагдсан Газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу яв. Ертөнцийн оршин суугч, Газар дээр амьдрагч Та бүгд уулсын дээр Туг босмогц үзтүгэй! Эвэр бүрээ үлээмэгц сонстугай! Иймээс “Би орших газраасаа Гэрэл доторх гялалзсан халуун мэт, Ургац хураах үеийн аагим халуун шиг Шүүдрийн үүл мэт Тайван харж байх болно гэж ЭЗЭН надад айлдав. Учир нь ургац хураахын өмнө нахиа дэлгэрч, Цэцэг нь боловсорсон усан үзэм болоход Намиаг нь Тэр хутгаар тайрч, Сэрийсэн мөчрүүдийг тастан зайлуулна. Тэд хамтдаа уулын махчин шувууд, Газрын араатнуудад хаягдана. Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж, Газрын араатнууд тэдэн дээр өвөлжинө” Өндөр нуруутай, цайвар арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түг түмдийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түг түмдийн ЭЗЭНий нэртэй газар Сион ууланд авчирна.