ИСАИА 14:3-14

ИСАИА 14:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна. “Дарангуйлагчийн төгсгөл ирэв. Түүний уур хилэн эцэслэв. ЭЗЭН хилэнцтэний таягийг, захирагчдын очирт таягийг хугалжээ. Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж, зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав. Бүх газар амарч, анир чимээгүй болж, баяр баясгалангийн уухайг хадаана. Нарснууд ч, Ливаны хуш модод ч хүртэл чамд баярлаж «Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй» гэнэ. Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн, үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно. Тэд бүгд чамд хариулан «Чи ч бидэн шиг сул дорой болсон. Чи бидэнтэй адил болсон. Чиний бүх жавхлан, чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Чиний доор өт тархан, хорхойнууд чиний бүтээлэг болно». Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа! Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн.

Хуваалцах
ИСАИА 14 унших

ИСАИА 14:3-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр өдөр ЭЗЭН туйлдал зүдэл, үймээн түйвээн, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад Чи Вавилоны хаанд энэ ёгт үгийг өргөнө. Дарангуйлагч хэрхэн болив, Эрээ цээргүй байдал нь хэрхэн эцэслэв! ЭЗЭН буруутын таягийг, Захирагчдын очирт таягийг хугалжээ. Тасралтгүй цохих уураараа Ард түмнүүдийг цохиж, Зогсоолтгүй мөшгөх хилэнгээрээ Үндэстнүүдийг захирав. Бүх газар амарч, анир чимээгүй болж, баярын уухай хадаана. Майлснууд ч, Ливаны хуш модод ч чамд баярлаж “Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй” гэнэ. Доор Үхэгсдийн орон Чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг, Газрын бүх л дээдсийг сэрээн Үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнээс нь босгоно. Тэд бүгд чамд хариулан “Чи ч бидэн шиг дорой болсон. Чи бидэнтэй адил болсон. Чиний бүх жавхлан, босоо ятгын чинь дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Доор чинь өт тархан Хорхойнууд бүтээлэг чинь болно” Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч Чи хөсөр хаягдлаа! Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэрт гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад Чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно» гэсэн.

Хуваалцах
ИСАИА 14 унших