ИСАИА 1:10-20
ИСАИА 1:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бидний Бурханы зааварт чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Та нарын олон тахил Надад юу юм бэ? Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй. Та нар Миний өмнө үзэгдэхээр ирэхдээ Миний хашааг дэвслэхийг хэн шаардсан бэ? Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цугларалтын дуудлага болох бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй. Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна. Тэдгээр нь Надад дарамт болж, тэднийг үүрснээс болж Би ядарч байна. Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ. Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун. Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшинийг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн”. “Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно. Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ. Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.
ИСАИА 1:10-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бурханы маань зааварт чих тавигтун” ЭЗЭН айлдаж байна. “Олон тахил чинь Надад юу юм бэ? Хуцын шатаалт тахилд ч бордсон үхрийн өөхөнд ч Би бүр ханалаа. Бух, хурга, ямааны цусыг ч Би эс таалму. Өмнө минь үзэгдэх л гэж та нар ирэхдээ Хашааг минь дэвслээд бай гэж хэн та нараас шаардав? Утгагүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, Амралтын өдөр, Цуглааны дуудлага болох Ёс бус тусгай чуулааныг Би эс тэвчинэ. Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядму. Тэдгээр нь Надад тээр төвөг болж, Тэднийг үүрэх гэж Би цөхөрмү. Та нарыг гараа сарвайхад, та нараас Би мэлмий буруулна. Та нар олонтаа залбирсан ч Би эс сонсоно. Гар чинь цусаар бялдсан байна. Өөрсдийгөө угааж цэвэрлэ. Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул. Мууг хийхийг зогсоо. Сайныг үйлдэхийг сурцгаа. Шударга ёсыг мэтгэ. Дарлагдагсдыг тэтгэ. Өнчнийг өмөөр. Бэлэвснийг өмгөөл. “Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно. Уриалгахнаар та нар дагах аваас Уул газрын сайныг иднэ. Эсэргүүцэж харин тэрсэлвээс Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн ЭЗЭНий ам айлдаж байна.