ХОСЕА 4:1-17

ХОСЕА 4:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Учир нь ЭЗЭНд энэ газрын оршин суугчдын эсрэг зарга байна. Яагаад гэвэл энэ газарт итгэмжит байдал, энэрэл, эсвэл Бурханыг мэдэх мэдлэг алга. Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна. Тэд хүчирхийллийг хөлсөлж байна. Ингэснээр цус урсгалт цус урсгалтыг дагалдах юм. Тийм учраас газар нь гашуудаж, тэнд амьдрагч хүн бүр хээрийн араатнууд, огторгуйн шувуудтай хамт доройтож, далайн загаснууд бас алга болж байна. Гэсэн ч хэн ч бурууг бүү олог, хэн ч бүү зэмлэг. Учир нь чиний ард түмэн тахилчтай тэмцэлдэж байгаа хүмүүс мэт юм. Тиймээс чи өдрөөр бүдэрч, эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би чиний эхийг устгана. Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан. Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нарыг Миний тахилч байхаас татгалзах болно. Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно. Тэд олшрох тусам, Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв. Би тэдний яруу алдрыг ичгүүрээр солино. Тэд Миний ард түмний нүглээр хооллож, өөрсдийн хүслээ хууль бус байдал уруугаа чиглүүлж байна. Энэ нь ард түмэн шиг, тахилч шиг байх болно. Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж, тэдний үйлсийн төлөө тэдэнд хариу төлөх болно. Тэд идэх боловч ханахгүй. Тэд биеэ үнэлэх боловч олшрохгүй юм. Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больжээ. Завхайрал, дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг билээ. Миний ард түмэн модон шүтээнтэйгээ зөвлөж, тэдний ид шидтэний дохиур нь тэдэнд мэдүүлдэг. Учир нь завхайрлын сүнс тэднийг төөрүүлж, тэд Бурханаасаа хагацан, биеэ үнэлжээ. Тэд уулсын оргил дээр тахилууд өргөн, толгод дээр, эсвэл царс, улиас, теребинт моддын сүүдэр нь тааламжтай учраас тэдгээрийн доор утлага уугиулж байна. Тийм учраас танай охид биеэ үнэлж, танай бэрүүд садарлаж байна. Танай охидыг биеэ үнэлж байхад нь, эсвэл танай бэрүүдийг садарлаж байхад нь Би шийтгэхгүй. Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудын хамт салж яван, сүмийн янхнуудтай хамт тахилууд өргөдөг билээ. Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн. Израиль аа, хэдийгээр чи биеэ үнэлдэг ч Иудаг бүү буруутан болго. Мөн Гилгал уруу явж болохгүй, Бет-авен уруу гарч болохгүй. “ЭЗЭНий амьд буйгаар тангараглая” хэмээн тангараглаж болохгүй. Израиль нь зөрүүд бяруу шиг зөрүүд юм болохоор ЭЗЭН тэднийг одоо уудам бэлчээр дэх хурга шиг хариулж чадах уу? Ефраим нь шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи.

Хуваалцах
ХОСЕА 4 унших

ХОСЕА 4:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга. Энд хараал, заль мэх, аллага, Хулгай, садар самуун тархаж, Цус урсгалт нь цус урсгалтыг дагана. Тиймээс газар гашуудаж, Тэнд амьдрагч болгон, Хээрийн араатан, огторгуйн шувууд мөн доройтож, Далайн загас бас алга болж байна. Гэсэн ч хэн ч бүү тэмцэг, Хэнийг ч бүү зэмлэг. Учир нь ард түмэн чинь Тахилчтай тэмцэлдэж буй хүмүүс мэт юм. Тиймээс чи өдрөөр бүдэрч, Эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би эхийг чинь устгана. Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалзсан учир Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана. Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно. Олшрох тусмаа тэд Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв. Би алдар цууг нь ичгүүрээр солино. Тэд ард түмний минь нүглээр хооллож, Хилэнцэндээ тэд шунахайрна. Ард түмэнд ямар байна, Тахилчид ч тийн байна. Тиймээс Би тэднийг Замуудынх нь төлөө шийтгэж, Үйлсийнх нь төлөө тэдэнд хариу төлөх болно. Тэд идэвч үл ханан Тэд биеэ үнэлэвч эс үржинэ. Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больж, Садарлалд өөрсдийгөө зориулжээ. Дарс болоод шинэ дарс ухааныг алдууруулдаг. Ард түмэн минь модтойгоо зөвлөж, Саваа нь тэдэнд хэлж өгөх гэнэ. Учир нь садар самууны сүнс тэднийг төөрүүлж, Тэд Бурханаасаа хагацан садарлав. Тэд уулсын оргил дээр тахил өргөн, Толгод дээр, сүүдэр нь тааламжтай тул Царс, улиас, теребинт моддын доор Утлага уугиулж байна. Тиймээс та нарын охид биеэ үнэлж, Бэрүүд чинь садарлаж байна. Охид чинь биеэ үнэлж, бэрүүд чинь садарлахад Би шийтгэхгүй. Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудтай салж яван Шүтээний янхнуудтай хамт тахилууд өргөдөг. Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн. Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла. Зөрүүд бяруу шиг Израиль зөрүүд болохоор ЭЗЭН тэднийг уудам бэлчээр дэх хурга мэт хариулах уу? Ефраим шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи.

Хуваалцах
ХОСЕА 4 унших