ЕЗЕКИЕЛ 20:1-49
ЕЗЕКИЕЛ 20:1-49 Ариун Библи, 2004 (АБ2004)
Долоо дахь оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув. ЭЗЭНий үг надад ирж, — Хүний хүү, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”. Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд өвөг дээдсийнх нь жигшүүрт үйлсийг мэдүүлж, тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Израилийг сонгон, Иаковын гэрийн үр удамд тангараглан, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн тэр өдөрт Би бол та нарын Бурхан ЭЗЭН хэмээн айлдаж тэдэнд тангараглах үед, тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газруудын алдар нь болох сүү балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав. Би тэдэнд ”Та нарын хүн бүр өөрийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн” гэж айлдсан. Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонсохыг хүсээгүй. Тэд өөрсдийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулахгүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан Өөрийн уурыг гүйцээхийн тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээр цутгахаар шийдсэн. Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн. Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. Би тэдэнд Өөрийн тогтоолуудыг өгч, Өөрийн зарлигуудын тухай, хэрвээ хүн тэдгээрийг биелүүлбэл амьдарна хэмээн тэдэнд мэдүүлэв. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн. Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд Миний тогтоолоор явсангүй. Хэрвээ хүн тэдгээрийг сахивал амьдрах ёстой Миний зарлигаас ч татгалзсан. Миний амралтын өдрийг тэд ихэд бузарлав. Тэгээд Би тэднийг устгахын тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээрээс цөлд асгана хэмээв. Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Бас Миний тэдэнд өгсөн сүү балаар урсдаг бүх газруудын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангараглав. Учир нь тэд Миний зарлигууд болон Миний тогтоолуудаас татгалзаж тэднийг үл дагасан. Тэд Миний амралтын өдрийг бузарласан. Учир нь тэдний зүрх нь үргэлжид шүтээнүүдийн араас дагав. Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй. Би цөлд тэдний хүүхдүүдэд “Та нар эцгүүдийнхээ тогтоолуудаар явалгүй, тэдний зарлигийг сахилгүй, тэдний шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Миний тогтоолоор явж, Миний зарлигийг сахиж, тэднийг дага. Миний амралтын өдрийг ариун байлга. Та нар Намайг өөрсдийн чинь Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар болон Миний хооронд тэмдэг болох болно” хэмээв. Гэтэл хүүхдүүд нь Миний эсрэг тэрсэлсэн. Тэд Миний тогтоолоор үл явж, хэрэв хүн түүнийг үйлдвэл, амьдрах ёстой Миний зарлигийг дагахыг хичээгээгүй. Тэд Миний амралтын өдрийг бузарлав. Тиймээс цөлд тэдний эсрэг Өөрийн уурыг гүйцээхийн тулд Би тэдний дээр Өөрийнхөө хилэгнэлийг цутгахаар шийдсэн. Гэвч Би мутраа татаж, тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийнхөө нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдсэн. Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, улсуудын дунд тэднийг тараах болно хэмээн Би бас цөлд тэдэнд тангараглав. Учир нь тэд Миний зарлигуудыг сахилгүй, харин Миний тогтоолуудаас татгалзаж, Миний амралтын өдрийг бузарласан ба тэдний нүд нь эцгүүдийнхээ шүтээнүүд дээр байв. Би бас сайн бус тогтоолуудыг болон түүгээр амьдарч үл чадах зарлигуудыг тэдэнд өгөв. Тэд өөрсдийнхөө бүх ууган төрөгсдийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар хэмээн зарласан. Ингэснээр Би тэднийг эзгүйрүүлэх бөгөөд энэ нь тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд юм»”. Тиймийн тул хүний хүү, Израилийн гэрт өгүүлэн, тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэсэн ч үүгээрээ л та нарын өвөг дээдэс Миний эсрэг урваснаараа Намайг доромжлов. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад, тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд, тэнд өөрсдийнхөө тахилуудыг өргөн, өөрсдийн өргөлийн уур уцаарыг өргөн барив. Тэнд бас тэд өөрсдийн тайвшруулах тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө асгасан. Тэгээд Би тэдэнд ”Та нарын очдог өндөр газар юу вэ?” гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама хэмээн дуудаж байсан»”. Тиймийн тулд Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ байдлыг дуурайж өөрсдийгөө бузарлаж, тэдний жигшүүрт юмсыг дуурайж садар самууныг үйлдэх үү? Та нар өргөлүүдээ өргөж, өөрсдийн хөвгүүдээ гал дундуур гаргаж байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнүүдээрээ бузарлаж буй. Израилийн гэр ээ, Би та нараар асуугдах ёстой юу? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Та нар ”Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил байх болно” хэмээн өгүүлэхэд та нарын бодолд буй зүйлс биелэхгүй. Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр хүчит мутраараа ба сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг хаанчлах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Би хүчит мутар болон сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч, мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна. Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно. Би та нарын эцгүүдийг Египет нутгийн цөлд шүүсний адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний хүлээсэнд оруулна. Би та нарын дотроос тэрслэгчид болон Миний эсрэг гэм бурууг үйлдэгсдийг хөөнө. Би тэднийг түр сууж буй газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Израилийн гэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна. Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн авч, та нарын бүх ариун юмсын хамт хандив болон бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно. Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тайвшруулах тааламжит үнэр мэт хүлээж авна. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгээ нотолно. Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутаг уруу авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Өөрсдийгөө бузарласан өөрсдийн замуудаа болон өөрсдийн үйлдлээ тэнд та нар санах болно. Та нар өөрсдийн үйлдсэн хамаг хорон муу зүйлсийн төлөө өөрсдийн нүдэндээ жигшигдэх болно. Израилийн гэр ээ, Би та нартай муу явдлаар чинь, эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин Өөрийн нэрийн төлөө та нартай харьцах үед та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”. Одоо ЭЗЭНий үг надад ирж, — Хүний хүү, Теманы зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн, Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл. Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана. ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махан бие харах болно. Түүнийг унтраахгүй» гэж өгүүл” гэв. Тэгээд би —Өө Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” хэмээн хэлэв гэлээ.
ЕЗЕКИЕЛ 20:1-49 Ариун Библи 2013 (АБ2013)
Долдугаар оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув. ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү чи, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би та нараар асуугдахгүй. Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.” Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд эцэг өвгөдийнх нь жигшүүрийг мэдүүлж, тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилийг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би бол Бурхан ЭЗЭН чинь гэж айлдаж тэдэнд тангараглав. Би тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газрын сор, сүү, зөгийн балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав. Би тэдэнд “Хүн бүр чинь нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би Бурхан ЭЗЭН чинь мөн” гэж айлдав. Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонссонгүй. Тэд нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулсангүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би “Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан уураа гаргахын тулд хилэнгээ тэдний дээр цутгана” гэсэн юм. Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө ийн үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн. Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна. Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн. Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд зарлигуудаар минь эс явав. Хэрэв хүн тэдгээрийг биелүүлбэл амьд явах учиртай тогтоолуудаас минь ч татгалзсан. Амралтын өдрүүдийг минь тэд ихэд буртаглав. Тэгээд Би тэднийг дуусгахын тулд цөлд байхад хилэнгээ дээрээс нь асгана гэсэн. Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө үйлдэв. Бас Миний тэдэнд өгсөн сүү, зөгийн бал урсдаг бүх газрын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангарагласан нь тэд тогтоолуудаас минь татгалзаж, Миний зарлигуудаар эс яван Амралтын өдрүүдийг минь буртагласан учир юм. Зүрх нь шүтээнүүдийнхээ араас дагав. Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй. Би цөлд хүүхдүүдэд нь “Та нар эцгүүдийнхээ тогтоомжуудаар бүү яв, шийдвэрүүдийг нь эс сахь, шүтээнүүдээр нь өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Зарлигуудаар минь явж, тогтоолуудыг минь сахиж, тэдгээрийг үйлд. Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв. Гэтэл хүүхдүүд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь эс явж, хүн тэдгээрийг үйлдвэл түүгээр амьд явах тогтоолуудыг минь ч сахин үйлдээгүй. Тэд Амралтын өдрүүдийг минь буртагласан. Тиймээс цөлд тэдний эсрэг уураа гаргахын тулд Би тэдний дээр хилэгнэлээ цутгана гэсэн. Гэвч дагуулан гаргахыг харсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ буртаглуулахгүйн тулд Би мутраа буцааж, нэрийнхээ төлөө үйлдсэн. Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, нутгуудаар тараахаар Би цөлд тэдний эсрэг гараа өргөсөн. Учир нь тэд тогтоолуудыг минь эс үйлдэн, зарлигуудаас минь татгалзаж, Амралтын өдрүүдийг минь буртагласан бөгөөд нүд нь эцгүүдийнхээ шүтээний араас дагасан. Ингээд сайн бус тогтоомжуудыг, түүгээр амьдарч үл чадах шийдвэрүүдийг Би тэдэнд өгсөн. Тэд хэвлийг анх нээгч бүхнийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар гэж зарласан. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд Би тэднийг эзгүйрүүлэх юм.»” Тиймээс, хүний хүү, Израилийн гэрт өгүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эцэг өвгөд чинь Надад харш юм хийж Намайг доромжлов. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд тэнд тахилуудаа өргөсөн бөгөөд тэд өргөлөөрөө өдөөн хатгалгыг өргөн барив. Тэнд бас тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө тэд асгав. Тэгээд Би тэдэнд “Та нарын очдог өндөр газар юу вэ?” гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама гэж дуудаж байсан.»” Тиймээс Израилийн гэрт өгүүл. — Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ замнал ёсоор бузарлагдаж, ой гутам юмсыг нь дуурайн садар самууныг үйлдэх үү? Өргөлүүдээ өргөж, хөвгүүдээ гал дундуур гаргаж байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнээрээ бузарлаж байна. Израилийн гэр ээ, Би та нараар зөвлүүлэх ёстой юу? Би амьд! Би та нараар зөвлүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Та нар “Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил болно” гэж өгүүлэхэд бодолд чинь буй зүйлс биелэхгүй. Үнэхээр хүчит мутар, сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг лавтай хаанчлах болно. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Би хүчит мутар, сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна. Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно. Эцгүүдийг чинь Египет нутгийн цөлд шүүсэн адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний холбоосонд оруулна. Би та нарын дотроос тэрслэгчдийг, Миний эсрэг тэрслэл үйлдэгчдийг гаргана. Би тэднийг цагаачилж суугаа газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Израилийн гэр ээ, чиний хувьд, явж хүн бүр шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өргөл, шүтээнүүдээрээ ариун нэрийг минь бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна. Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн зөвшөөрч, бүх ариун юмны чинь хамт, хандив, бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно. Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тааламжит үнэр мэт хүлээн зөвшөөрнө. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгийг нотолно. Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутагт авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Бузарласан замууд ба үйлдэлээ та нар тэнд санах болно. Та нар үйлдсэн муу муухай хамаг зүйлээсээ болж өөрсдөө өөрсдөөсөө эгдүүцэн жигших болно. Израилийн гэр ээ, Би муу явдлаар чинь эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин нэрийнхээ төлөө та нарт ийн үйлдэхэд та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Одоо ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү, өмнө зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл. Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана. ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махбод харах болно. Тэр нь унтрахгүй» гэж өгүүл” гэв. Тэгээд би —Аяа, Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” гэж хэлэв гэлээ.