ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 4:1-31
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 4:1-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгэхэд Мосе хариулан —Хэрэв тэд надад итгэхгүй, миний үгийг сонсохгүй бол яах вэ? Учир нь тэд “ЭЗЭН чамд үзэгдээгүй” гэж хэлж магадгүй гэв. ЭЗЭН түүнээс —Чиний гарт байгаа чинь юу вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд Тэр —Түүнийгээ газар хая гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав. Харин ЭЗЭН Мосед —Гараа сунган сүүлнээс нь барь гэлээ. Тэр гараа сунган түүнийг барихад, могой гарт нь таяг болов. — Энэ нь тэдний өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав. ЭЗЭН цааш нь түүнд —Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв. ЭЗЭН —Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд өврөөсөө гаргаж ирэхэд, гар нь биеийнх нь бусад хэсэг шиг эрүүл болсон байлаа. — Хэрвээ тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийн дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойнд итгэж болох юм. Харин хэрэв тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, чиний үгийг сонсохгүй бол чи Нилээс ус авч, хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв. Мосе ЭЗЭНд —Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би хэл яриа муу, модон хэлтэй хүн гэж хариулав. ЭЗЭН түүнд —Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү? Тиймээс одоо яв! Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана гэв. Харин тэр —Өө, Эзэн, Та хүссэн хүнээ явуулаач! гэсэнд ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч —Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлана. Чи түүнтэй ярьж, үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Би та нарын юу хийхийг чинь та нарт заана. Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр чиний амыг орлоно. Чи түүнд Бурхан шиг байна. Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав. Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд —Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв. Мидианд ЭЗЭН Мосед хандан —Египет уруу буцан оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав. Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ авч тэднийг илжиг унуулаад, Египет нутаг уруу буцан явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа. ЭЗЭН Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй. Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израиль бол Миний хүү, Миний ууган хөвгүүн. Тиймээс Би чамд ”Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална»” хэмээн хэл гэв. Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв. Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ хөвчний арьсыг огтлоод, түүнийг Мосегийн хөлд хаяж, —Чи үнэхээр миний цусан нөхөр гэж хэлэв. Тэгэхэд Тэр Мосег тавив. Тэр үед Зиппора “Чи цусан нөхөр мөн” гэж хэлсэн нь хөвч хөндөлтөөс болсон юм. ЭЗЭН Ааронд —Цөлд Мосетэй уулзахаар явагтун гэв. Тэр явж, Бурханы ууланд түүнтэй уулзаж, түүнийг үнсэв. Мосе өөрийг нь илгээсэн ЭЗЭНий бүх үг ба өөрт нь тушаасан бүх тэмдгийг Ааронд хэлэв. Мосе, Аарон нар хамт явж, Израилийн хөвгүүдийн бүх ахмадуудыг цуглуулаад, ЭЗЭНий Мосед айлдсан бүх үгийг Аарон ярив. Дараа нь тэр ард түмний өмнө тэмдгүүдийг үзүүлэв. Тэгэхэд ард түмэн итгэв. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлонг харсныг тэд сонсоод, доош бөхийж, мөргөлөө.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 4:1-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгэхэд Мосе хариулан —Хараач, тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин “ЭЗЭН чамд үзэгдээгүй шүү дээ” гэж хэлж магад гэв. Тэгэхэд ЭЗЭН түүнээс —Гарт чинь юу байна вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд Тэр —Түүнийгээ газар хая гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав. Харин ЭЗЭН, Мосед —Гараа сунган түүнийг сүүлнээс нь барь гэлээ. Тэрээр гараа сунган барихад могой гарт нь таяг болов. — Энэ нь тэдний эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав. Тэгээд ЭЗЭН цааш нь түүнд —Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв. ЭЗЭН —Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд, өврөөсөө гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь бие махбод шиг нь эрүүл болсон байлаа. — Хэрвээ тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийн дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойд итгэж болох юм. Харин тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, үгийг чинь сонсохгүй бол чи Нилээс ус авч хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв. Мосе, ЭЗЭНд —Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, ер нь би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би үг ярианд удаан, ам хойрго гэж хариулав. ЭЗЭН түүнд —Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү? Тиймээс одоо яв! Би амтай чинь хамт байж, юу хэлэхийг чинь чамд заана гэв. Харин тэр —Өө Эзэн, Та өөр хэн нэгнийг явуулаач! гэв. Тэгтэл ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч —Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлах болно. Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь Би та нарт заана. Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр амыг чинь орлоно. Чи түүнд Бурхан шиг байна. Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав. Тэгээд Мосе тэндээс холдон, хадам эцэг Иетрогийнд буцаж очоод, түүнд —Би Египетэд байгаа ах дүү нар дээрээ буцаж очоод тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро, Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв. Мидианд ЭЗЭН, Мосед —Египет уруу буцаж оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав. Ингээд Мосе эхнэр хөвгүүдээ авч тэдэнд илжиг унуулаад, Египет нутаг уруу буцаж явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа. ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй. Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН «Миний ууган хөвгүүн бол Израиль. Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв. Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв. Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ тээрхийн арьсыг танаад Мосегийн хөлд хаяж —Чи үнэхээр миний цуст хань гэж хэлэв. Тэгэхэд Тэр, Мосег тавив. Тэр үед Зиппора “Чи цуст хань мөн” гэж хэлсэн нь хозлолоос болсон юм. ЭЗЭН, Ааронд —Цөлд Мосетэй уулзахаар явагтун гэв. Тэр явж, Бурханы ууланд түүнтэй уулзаад түүнийг үнсэв. Мосе өөрийг нь илгээсэн ЭЗЭНий бүх үг ба өөрт нь тушаасан бүх тэмдгийг Ааронд уламжилжээ. Мосе Аарон нар хамт явж, Израилийн хөвгүүдийн хамаг ахмадуудыг цуглуулаад, Мосед айлдсан ЭЗЭНий бүх үгийг Аарон ярьжээ. Дараа нь тэр ард түмний өмнө тэмдгүүдийг үзүүлэв. Тэгэхэд ард түмэн итгэжээ. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлон зүдүүрийг харсныг тэд сонсоод, доор бөхийн мөргөлөө.