ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:1-16
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Мосед хандан, — Израилийн хөвгүүдийн доторх, хүн, малын хэвлий бүрийн анхны төрөгсдийг, ууган үр бүрийг Надад ариусга. Энэ нь Минийх гэж айлдав. Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана. Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй. Абиб сарын энэ өдөр та нар гарсан. ЭЗЭНий та нарт өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан тэр газар буюу канаанчууд, хитчүүд, аморичууд, хивичүүд, иебусчуудын нутаг, сүү балаар бялхсан газарт ЭЗЭН та нарыг аваачих үед та нар энэ сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой. Долоон өдрийн турш та нар исгээгүй талхыг идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн. Долоон өдрийн турш исгээгүй талхыг ид. Өөрсдийнхөө дунд болон бүх хил хязгаарынхаа дотор өөрсдийнхөө дунд та нар исгэх хөрөнгийг бүү байлга. Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө үйлдсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл. Үүнийг өөрийн гарт өөртөө тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сануулга болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ. Тийм учраас жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь. ЭЗЭН чамд болон чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутаг уруу аваачин, тэр газрыг чамд өгөх үед чи хэвлий бүрийн ууган үр болон өөрт байгаа мал бүрийн анхны төлийг ЭЗЭНд зориул. Эр хүйстэн нь ЭЗЭНийх юм. Харин илжигний анхны төл бүрийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чиний хөвгүүдийн дундаас хүний аливаа ууган үрийг чи золь. Хожим чиний хүү чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал, чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан. Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа анх төрөгсдийг, хүний ууган болон малын анхны төл бүрийг ЭЗЭН алсан. Тийм учраас би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл. Үүнийг гартаа тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:1-16 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН, Мосед — Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав. Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй. Абиб сарын энэ өдөр та нар гарсан. Та нарт өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан тэр газар буюу канаан, хит, амори, хиви, иебусчуудын нутаг, сүү бал урссан газартаа ЭЗЭН та нарыг аваачих үед та нар уг сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой. Долоон өдрийн турш та нар исгээгүй талх идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн. Долоон өдрийн турш исгээгүй талх идэж, өөртөө болон бүх хил хязгаарынхаа дотор та нар исгэх хөрөнгийг бүү байлга. Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө хийсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл. Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ. Тиймээс жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь. ЭЗЭН чамд болон эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутагт аваачин тэр газрыг чамд өгөх үед чи хэвлийг анхлан нээгч бүрийг ЭЗЭНд тусгаарла. Мал сүргийн чинь эр хүйстэй анхны төл бүр ЭЗЭНийх юм. Харин илжигний анхны төл бүрийг хургаар золигтун! Хэрэв золихгүй гэвэл хүзүүг нь хугал. Чиний хөвгүүд дундах ууган үр бүрийг чи золих ёстой. Хожим хүү чинь чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан. Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа хэвлийг анх нээгчдийг, хүний ууганаас авахуулаад малын ууган бүрийг хүртэл ЭЗЭН үхүүлсэн. Тиймээс би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл. Үүнийг гартаа тэмдэг болгон нүднийхээ хооронд сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.