ЕСТЕР 9:1-19
ЕСТЕР 9:1-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хааны тушаал, зарлигийг гүйцэтгэхэд бараг бэлэн болсон арван хоёрдугаар сарын (энэ нь Адар сар юм) арван гурав дахь өдөр, иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, иудейчүүд өөрсдийг нь үзэн ядагчдыг эзэгнэв. Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд тус тусын хотуудад өөрсдийг нь хорлохыг хүсэгчдэд халдахаар цуглацгаасан бөгөөд хэн ч тэдний эсрэг зогсож чадсангүй. Учир нь тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмрөв. Мужуудын бүх амбан захирагч, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ. Үнэхээр Мордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов. Тийнхүү иудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд өөрсдийнхөө өшөөтнүүдийн эсрэг дураараа үйлдэв. Нийслэл Сусад иудейчүүд таван зуун хүнийг алж устгав. Мөн Паршандата, Далфон, Аспата, Пората, Адалиа, Аридата, Пармашта, Арисаи, Аридаи, болон Ваизата нарыг буюу иудейчүүдийн дайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв. Тэр өдөр нийслэл Сусад алагдагсдын тоог хаанд мэдээлэв. Тэгээд хаан хатан Естерт —Иудейчүүд нийслэл Сусад таван зуун хүнийг болон Хаманы арван хөвгүүнийг алсан байна. Тэгвэл тэд хааны бусад мужуудад юуг үйлдээд байгаа бол? Одоо чи юуг гуйх вэ? Энэ нь ч бас чамд өгөгдөнө. Чи өөр юуг хүсэх вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. Тэгэхэд Естер —Хэрэв үүнийг хаан таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор үйлдэх нь маргааш мөн Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөгдөг. Хаманы арван хөвгүүн ч дүүжлүүрт дүүжлэгдэг гэж хэлэв. Ингээд хаан тийнхүү үйлдэг хэмээн зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв. Сусын иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдөр мөн цуглацгаан, Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд хөрөнгөнд нь гар хүрсэнгүй. Мөн хааны мужуудын бусад иудейчүүд цуглаж өөрсдийн амиа хамгаалж, дайснуудаасаа ангижран, өөрсдийн өшөөтнүүдээс далан таван мянгыг алав. Гэвч тэд эд хөрөнгөнд нь гар хүрсэнгүй. Энэ нь Адар сарын арван гурав дахь өдөр болсон бөгөөд арван дөрөв дэх өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов. Харин Сусын иудейчүүд тэр сарын арван гурав дахь болон арван дөрөв дэх өдөр цугларч, арван тав дахь өдөр нь амарцгаан, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов. Тиймээс захын хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдрийг баясах, найр наадам, баяр цэнгээн хийн цайлах, бие биедээ идээний хувийг илгээх амралтын өдөр болгодог.
ЕСТЕР 9:1-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Ингээд арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөр хааны тушаал ба зарлигийг гүйцэтгэх болсон бөгөөд иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, өөрсдийг нь үзэн ядагчдыг иудейчүүд эзэгнэв. Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд өөрсдөд нь мөхлийг хүсэгчдийг гардан хөнөөхөөр тус тусын хотуудад цуглацгаасан бөгөөд тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмөрсөн тул хэн ч тэднийг сөрөн зогсож чадсангүй. Аймгуудын бүх засаг ноён, эрх баригч, захирагч болон хааны ажлыг гүйцэтгэгч түшмэдийг Мордехаигаас айх айдас нөмөрсөн тул тэд хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаи, хааны өргөөнд агуу нэгэн байсан бөгөөд түүний нэр алдар бүх аймаг даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи гэгч энэ хүн улам бүр өргөмжлөгдсөөр байв. Ийнхүү иудейчүүд бүх дайснаа илдний ирээр цохиж, хүйс тэмтрэн устгалаа. Тэд өстнүүдийнхээ эсрэг дур зоргоороо үйлдэв. Суса цайзад иудейчүүд таван зуун хүнийг алж устгалаа. Мөн Паршандата, Далфон, Аспата, Пората, Адалиа, Аридата, Пармашта, Арисаи, Аридаи болон Ваизата нарыг буюу иудейчүүдийн өстөн дайсан, Хаммедатагийн хүү Хаманы арван хөвгүүнийг тэд алсан боловч олзонд гар хүрсэнгүй. Тэр өдөр Суса цайзад алагдсан хүмүүсийн тоог хаанд мэдэгдэхэд хаан, хатан Естерт —Иудейчүүд Суса цайзад таван зуун хүнийг бас Хаманы арван хөвгүүнийг алж, хүйс тэмтэрсэн байна. Тэгвэл хааны бусад аймагт тэд юуг үйлдсэн бол доо? Одоо чиний гуйлт юу вэ? Тэр нь чамд өгөгдөнө. Чи өөр юу хүсээ вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. Тэгэхэд Естер —Хэрэв хаан үүнийг таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор маргааш ч мөн үйлдэхийг Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөг. Мөн Хаманы арван хөвгүүнийг ч дүүжлүүрт дүүжлэг гэж хэлэв. Хаан тийнхүү үйлдэг гэж зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв. Сусад буй иудейчүүд Адар сарын мөн арван дөрөвний өдөр цуглацгаан Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд олзонд гар хүрсэнгүй. Мөн хааны аймгуудад буй бусад иудейчүүд амиа хамгаалан дайснуудаасаа ангижрахын тулд цуглаж, өстнүүдээсээ далан таван мянгыг алав. Гэвч тэд олзонд гар хүрсэнгүй. Энэ нь Адар сарын арван гуравны өдөр бөгөөд арван дөрөвний өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов. Харин Сусад буй иудейчүүд тэр сарын арван гуравны болон арван дөрөвний өдөр цугларч, арван тавны өдөр нь амарцгаан энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов. Тиймээс бэхлэлтгүй хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөвний өдрийг баясал, найр наадмаар өнгөрүүлж, бие биендээ идээний хувийг илгээх баярын өдөр болгодог.