НОМЛОГЧИЙН ҮГС 9:11-18

НОМЛОГЧИЙН ҮГС 9:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Би наран доор дахин харсан зүйл бол хурдан гээд уралддаг юм биш, эрэлхэг хүн гээд ялалт ирдэг юм биш, мэргэд гээд талхтай байдаг юм биш, ухаантнууд гээд эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай ажээ. Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд гэнэт хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж. Өөрөөр хэлбэл хүн өөрийн цаг үеийг үл мэддэг ажээ. Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан. Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хот уруу хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ. Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй. “Мэргэн ухаан хүч чадлаас илүү” хэмээн би үзсэн боловч, ядуу хүний мэргэн ухаан үзэн ядагдаж, үг нь анхаарал эс татна. Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ. Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.

НОМЛОГЧИЙН ҮГС 9:11-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж. Хүн цагаа үл мэднэ. Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд ч хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж. Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан. Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хотыг хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ. Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй. Тиймээс би “Мэргэн ухаан хүч чадлаас илүү боловч ядуу хүний мэргэн ухаан эс тоогдож, үгийг нь үл хэрэгсэнэ” хэмээн үзэв. Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас Намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ. Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч Ганцхан нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.