НОМЛОГЧИЙН ҮГС 6:1-12
НОМЛОГЧИЙН ҮГС 6:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Наран доор миний харсан бузар булай нь хүмүүсийн дунд түгээмэл аж. Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр Бурхан хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг өгдөг боловч тэдгээрийг эзэмших эрхийг үл өгөх ба харин харь хүн түүнийг нь идэх аж. Энэ нь хоосон бөгөөд маш зовлонтой хэрэг мөн. Хэрэв хүн зуун хүүхдийн эцэг болоод олон жил амьдраад, улмаар цаашид амьдарсаар байвч сэтгэл нь сайн юманд цадаагүй, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол би “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж хэлнэ. Учир нь тэр дэмий ирээд л харанхуй уруу одсон, нэр алдар ч үгүй нэгэн болой. Тэр хэзээ ч нарыг үзэлгүй, юу ч мэдэлгүй оджээ. Энэ нь түүнээс илүү дээр аж. Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан ч, сайн сайханд сэтгэл нь үл ханах аваас тэд бүгдээрээ нэг л газар уруу явдаггүй гэж үү? Хүний бүх хөдөлмөр амандаа л зориулагдах боловч сэтгэл нь ханах гэгч нь үгүй ажээ. Ухаантан нь тэнэгээсээ юугаараа илүү юм бэ? Амьд байгсдын өмнө хэрхэн явахаа мэдэх нь ядуу хүнд ямар ашиг өгөх юм бэ? Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм. Оршин буй юу боловч аль хэдийн нэрлэгдсэн байх бөлгөө. Хүн гэгч ямар вэ гэдэг нь тодорхой. Учир нь хүн өөрөөсөө хүчтэнтэй маргаж чаддаггүй. Утгагүй хоосныг өсгөн үржүүлдэг үгс олон байх юм. Энэ нь хүнд ямар тустай юм бэ? Сүүдэр мэт өнгөрүүлэх утгагүй амьдралынхаа цөөхөн жилүүдэд өөрт нь юу зөв, сайн болохыг хэн мэдэх билээ? Өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?
НОМЛОГЧИЙН ҮГС 6:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Наран доор миний харсан нэг муухай юм хүмүүн дээр хүндээр буудаг аж. Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг Бурхан өгчихөөд харин тэдгээрийг эзэмших эрхийг үл өгснөөр харь хүн түүнийг нь эдэлж баясах аж. Энэ нь хоосон агаад маш хяслантай зовлон юм. Хүн зуун хүүхдийн эцэг болсон ч бай, олон жил амьдарсан ч бай, хэрэв сэтгэл нь сайн юманд баясаж эс чадаад, оршуулга нь ч зохих ёсоороо болоогүй бол тэр хүний амьдралын өдрүүд олон байсан ч “амьгүй төрсөн хүүхэд түүнээс дээр юм даа” гэж би хэлнэ. Ийм төрсөн нэгэн хоосон уруу ирээд, харанхуй уруу одож, нэр алдар нь ч харанхуйд хучигдсан болой. Тэр нарыг хэзээ ч үзээгүй, мэдээ ч үгүй оджээ. Гэвч энэ нь нөгөөхөөс илүү дээр аж. Гэтэл өөр хүмүүс хоёр мянган жил амьдарсан агаад сайныг үл амссан байлаа ч тэд бүгд нэг л газар уруу явдаггүй гэж үү? Хүний бүх зүтгэл амандаа л зориулагдах боловч хүсэл ханах нь үгүй ажээ. Ухаантан нь тэнэгээсээ юугаараа илүү юм бэ? Амьд байгсдын өмнө хэрхэн явахаа мэдэх нь ядуу хүнд ямар ашиг өгөх юм бэ? Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг буюу. Оршин буй юу боловч аль хэдийнэ нэрлэгдсэн байх бөлгөө. Хүн гэгч ямар вэ гэдэг нь ч тодорхой. Учир нь хүн өөрөөсөө хүчтэнтэй маргаж эс чадна. Утгагүй хоосныг өсгөн үржүүлдэг үгс олон байх юм. Энэ нь хүнд ямар тустай юм бэ? Сүүдэр мэт өнгөрөх хоосон амьдралынхаа цөөхөн хоногт өөрт нь юу зөв, сайн болохыг хүн хэрхэн мэдэх билээ? Учир нь өөрөөс нь хойш юу болохыг наран доор хэн түүнд хэлж чадах вэ?