НОМЛОГЧИЙН ҮГС 1:1-18

НОМЛОГЧИЙН ҮГС 1:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс. Номлогч, “Бүгд хоосон, хоосны хоосон болой” гэв. Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ? Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвч Дэлхий ертөнц үүрд үлддэг. Түүнчлэн нар мандсаар, жаргасаар, Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ. Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж, Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу. Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй. Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг. Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйл залхмаар юм. Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй. Юу байсан, тэр нь байх болно. Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно. Иймээс наран доор шинэ юм юу ч алга. Хэн нэг нь ямар нэг юмыг “Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна” гэж магад. Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм. Өнийн юмс дурсагдахгүй, хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой. Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан. Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв. Би наран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ. Муруй нь тэгширч чадахгүй, байхгүй юмыг ч тоолох аргагүй билээ. “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлсэн бөгөөд өөрийн оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэж би өөртөө хэлэв. Түүнчлэн би галзуу тэнэг мулгуу хийгээд мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ. Учир юу гэвэл, мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэнэ, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх буюу.

НОМЛОГЧИЙН ҮГС 1:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой. Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, Бүгд хоосон ажээ” гэнэ. Наран доор зүтгэх хүмүүний Хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм? Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр Газар дэлхий эгнэгт байдгаараа л. Наран мандсаар, нар жаргасаар Манддаг тэр л газрынхаа зүг яарсаар л. Өмнө тийш үлээх салхи умар тийш эргэсээр Өнөөх л салхи эргэлдэн эргэлдсээр Өөрийнхөө тойрогт эргэж ирсээр Далайд бүх гол цутгавч, далай эс дүүрнэ. Дахин урсахын тулд эхэлсэн тэр газар уруугаа гол ус урссаар. Хамаг юм амаргүй, хамж хэлж барахгүй Харах нүд ханахгүй, Чагнах чих дүүрэхгүй. Байсан юм бахь байдгаараа Хийсэн юмаа хийдэг л хэвээрээ. Наран доор нэг ч шинэ юм алга. Хараач, энэ шинэ зүйл байна гэхээр юмс Хаа нэгтээ байна уу? Аанай л биднээс өмнөх Аль эрт байсан л зүйл байна. Өмнийнхөн дурсагдах нь үгүй Хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдмуй. Номлогч би Иерусалим дахь Израилийн хаан байв. Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу. Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр. Муруйсан нь тэгш эс болох, нэгэнт үгүйг тоолж үл чадах. Би зүрхэндээ ярин “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлэв. Оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэв. Тэнэг мунхаг ба мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхи хөөцөлдсөн хэрэг болохыг би танив. Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэх, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх.