ДЭД ХУУЛЬ 32:1-20
ДЭД ХУУЛЬ 32:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
—Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье. Газар аа, үгийг минь сонс! Миний сургаал бол орох бороо, миний хэлэх үг бол унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал, өвс ногоон дээр орох аадар юм. Би ЭЗЭНий нэрийг тунхаглана. Сүр хүчийг бидний Бурханд өг. Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга. Тэд Түүнд мууг үйлдсэн. Тэд Түүний хүүхдүүд биш. Учир нь тэд гэм зэмтэй, гаж буруу үеийнхэн. Тэнэг мунхаг хүмүүс ээ! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү? Тэр чамайг бүтээж, бий болгосон. Эртний өдрүүдийг санацгаа. Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа! Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө. Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө. Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ. ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв. ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан. Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан ба Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй. ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн. Үхрийн сүүний ээдэм, хонины сүү, хурганы өөх, Башан үүлдрийн хуц, ямаа шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн улаан дарсыг уулгасан. Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө. Чи таргалж, бүдүүрч, гялалзан, өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ. Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн, жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ. Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ. Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад, саяхан гарч ирсэн шинэ бурхад, өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм. Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран, чамайг гаргасан Бурханыг чи мартжээ. ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ. Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм. Тэгээд Тэр айлдсан нь “Би тэднээс нүүрээ буруулна. Тэдний төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд гаж буруу үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.
ДЭД ХУУЛЬ 32:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэнгэр сонсог, би ярья! Газар чагнаг, миний амнаас гарах үгсийг. Сургаал минь шиврэх бороо, Хэлэх үг минь унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал, ургамал ногоон дээр орох аадар мэт билээ. ЭЗЭНий нэрийг би дуудан тунхаглана. Бидний Бурханд сүр хүчийг өгөгтүн! Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ. Гажиж буруутсан үеийнхэн Түүний эсрэг нүгэл үйлдэн Түүний хүүхэд биш, ичгүүрт толбо болов. Харалган хийгээд мулгуу ардууд аа! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Чамайг бүтээж, чамайг бий болгож, чамайг тогтоосон Тэр Эцэг чинь бус уу? Эртний өдрүүдийг санацгаа, Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа! Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө. Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө. Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоогоор Ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ. ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв. ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан. Үүрээ сандаан дэгдээхэй дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхэйгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан. Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй. ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас зөгийн бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн. Үхрийн сүүний цөцгий, хонины сүү, хурганы өөх, Башаны хуц бас ямаа, шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн шүүс дарсыг уулгасан. Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов. Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг өдөөж, жигшүүрт юмсаар Түүнийг гомдоожээ. Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ. Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад, саяхан гарч ирсэн шинэ бурхад, эцэг өвгөдийн чинь айдаггүй байсан бурхад. Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран Чамайг гаргасан Бурханыг чи мартжээ. ЭЗЭН үүнийг хараад, жигшин зэвүүцсэн билээ. Учир нь хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм. Тэгээд Тэр айлдсан нь “Би тэднээс нүүрээ буруулна. Төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд тэрслүү үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.