ҮЙЛС 10:1-33
ҮЙЛС 10:1-33 Ариун Библи, 2004 (АБ2004)
Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга байв. Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ. Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв. Айдаст автсан тэр түүн уруу харж, —Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв. Одоо чи Иоппа уруу хүмүүс явуулж, Симон буюу Петр гэдэг хүнийг авчруул. Тэнгисийн дэргэд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв. Өөртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут Корнел цэргүүдээсээ нэг сүсэгтэнг хоёр зарцын хамт дуудав. Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ. Маргааш нь тэднийг хотод дөхөн очих үед, Петр зургадугаар цагийн орчим залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байв. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. Тэгтэл нэгэн дуу гарч түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв. Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч түүнд —Бурханы цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн гэв. Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд мөнөөх сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ. Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн хүмүүс Симоны гэрийг сурагласаар дааман хаалган дээр нь хүрч ирэв. Тэгээд Петр хэмээх Симон тэнд байгаа эсэхийг дуудан асуув. Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд —Үзэгтүн, гурван хүн чамайг хайж байна. Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн уруу оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ. Петр тэр хүмүүс уруу очиж, —Та нарын хайгаад байгаа хүн чинь би байна. Ямар хэргээр та нар ирэв? гэхэд тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэр элчээс авсан юм гэцгээв. Петр тэднийг орохыг урьж, зочлов. Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ. Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Тэднийг хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулсан байв. Петрийг үүдэн дээр нь ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв. Харин Петр түүнийг босгоод —Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв. Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа. Тэр тэдэнд —Иудей хүний хувьд харь үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар, эсвэл цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа. Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учраа хэлнэ үү? гэв. Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож, “Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав. Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч хэмээн урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн дэргэдэх арьсчин Симоны гэрт байгаа” гэсэн юм. Ийм учраас би тан уруу тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.
ҮЙЛС 10:1-33 Ариун Библи 2013 (АБ2013)
Кайсарид Корнел гэгч нэгэн байв. Тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга ажээ. Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг байжээ. Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж “Корнел!” гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв. Айдаст автсан тэр түүн уруу харж —Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав. Одоо чи Иоппа уруу эрчүүд явуулж, Петр гэгдэх Симоныг авчруул. Тэнгис хавьд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв. Өөртэй нь ярьсан тэнгэрэлчийг явангуут гэрийн зарц нараасаа хоёрыг мөн өөртэйгөө үргэлж хамт байдаг цэргүүдээс сүсэг бишрэлтэй нэгийг нь дуудав. Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ. Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байлаа. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. Тэгтэл нэгэн дуу гарч, түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв. Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч, түүнд —Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ гэв. Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ. Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн эрчүүд Симоны гэрийг сурагласаар дааман хаалганы өмнө зогсож байв. Тэгээд Петр хэмээх Симон тэнд байрлаж буй эсэхийг дуудан асуув. Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд —Үзэгтүн, гурван эр чамайг хайж байна. Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн дээр оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ. Петр тэр хүмүүс дээр очиж —Үзэгтүн, та нарын хайж буй хүн чинь би байна. Та бүгд ямар хэргээр ирэв? гэхэд тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв. Петр тэднийг орохыг урьж, зочлов. Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ. Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Корнел төрөл садан болон дотнын андуудаа дуудаж цуглуулаад тэднийг хүлээж байлаа. Петрийг орж ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв. Харин Петр түүнийг босгоод —Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв. Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа. Тэр тэдэнд —Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа. Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учрыг асууя гэв. Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож, “Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав. Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч гэж урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн хөвөөн дэх Симоны гэрт байгаа” гэсэн юм. Иймээс би танд тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.