2 КОРИНТ 12:11-21
2 КОРИНТ 12:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг албадсан шүү дээ. Үнэндээ би та нараар магтуулах ёстой байсан юм. Хэдийгээр би юу ч биш боловч хамгийн эрхэм элч нараас юугаараа ч дутахгүй. Элчийн шинж тэмдгүүд нь тэмдэг, гайхамшиг хийгээд хүчит үйлсээр дамжуулан та нарын дунд бүхий л тэвчээртэйгээр биелэгдсэн юм. Би та нарт дарамт болоогүйгээс өөр юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу вэ? Та нар энэ бурууг минь уучлаарай. Одоо би гурав дахь удаагаа та нар уруу очиход бэлэн боллоо. Би та нарын юмсыг бус, харин та нарыг эрж хайдаг тул та нарт дарамт болохгүй. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстой. Би ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд та нарын сүнснүүдийн төлөө өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүүгээр хайрлавал өөрөө багаар хайрлагдах уу? Тийм болог. Би та нарт дарамт болоогүй. Гэсэн хэдий ч та нар намайг зальтай нэгэн гээд өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг. Миний та нар уруу илгээсэн тэдгээр хүмүүсийн хэнээр нь дамжуулан би та нарыг завшсан бэ? Би Титийг гуйж, түүнийг нэгэн дүүгийн хамт илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр, нэг мөрөөр яваагүй гэж үү? Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийн бодож байгаа. Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байна. Хайрт хүмүүс ээ, энэ бүгд нь та нарыг байгуулахын тулд юм. Би та нар уруу очих үед та нарыг хүссэнээрээ хараагүй, та нар намайг хүссэнээрээ хараагүй байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай. Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутаах вий, мөн урьд нь нүгэл үйлдэн өөрсдийн үйлдсэн ариун бус, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн олон хүнээс болж би гашуудах вий гэдгээс айж байна.
2 КОРИНТ 12:11-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй. Элчийн шинж тэмдгүүд нь бүхий л тэвчээр, тэмдэг, гайхамшиг хийгээд хүч дор та нарын дунд илэрсэн юм. Юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу юм бэ? Би та нарт яршиг болоогүйгээр үү? Энэ бурууг минь уучлаарай. Одоо би та нар дээр гурав дахь удаагаа очиход бэлэн болоод байна. Би та нарын юмсыг бус харин та нарыг хайдаг тул та нарт яршиг болохгүй. Учир нь хүүхдүүд нь эцэг эхдээ бус, харин эцэг эх нь хүүхдүүддээ баялгийг хураах ёстой. Би та нарын сүнсний төлөө ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүү хайрлавал өөрөө бага хайрлагдах уу? Тийм болог. Би та нарыг дарамтлаагүй. Гэсэн хэдий ч намайг зальтай учраас өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг. Би та нар уруу илгээсэн хүмүүсийнхээ хэн нэгээр нь дамжуулан та нарыг завшсан гэж үү? Би Титийг гуйж, түүний хамт нэгэн дүүг илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр үйлдээгүй, нэг мөрөөр яваагүй гэж үү? Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийнээ бодож байна уу? Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байгаа бөгөөд хайртууд аа, энэ бүгд та нарыг босгон байгуулахын тулд юм. Би та нар дээр очиход та нар хүссэнээр минь бус, би та нарын хүссэнээр чинь бус байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай. Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутааж, урьд нь нүгэл үйлдэн, ариун бус байдал, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн эдгээр олноос болж би харуусах вий гэхээс айж байна.