1 САМУЕЛ 17:31-51

1 САМУЕЛ 17:31-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод, Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав. Давид Саулд —Тэр хүнээс болж хэн ч сэтгэлээр бүү унагтун. Таны боол би явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв. Тэгэхэд Саул Давидад —Чи тэр филист хүн уруу очиж түүнтэй тулалдаж чадахгүй. Учир нь чи бол залуу, харин тэр бол залуугаасаа цэргийн хүн байсан юм гэв. Гэвч Давид Саулд —Таны боол би эцгийнхээ хонийг хариулж байсан. Арслан, эсвэл баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явбал, би араас нь хөөн очиж, түүнийг довтолж, хургаа авардаг байв. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч, түүнийг цохиж алдаг байв. Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филист хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв. Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидад —Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай хэмээн өгүүлэв. Тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь зэс дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүслээд, сураагүй учир алхаж үзэв. Ийнхүү Давид Саулд —Сураагүй учир би үүнийг өмсөн явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө хонины уутанд хийж, дүүгүүрээ гартаа барин, өнөөх филист хүн уруу явав. Тэгэхэд филист хүн ч бамбай баригчаа урдаа зогсоон, Давид уруу ойртож ирэв. Филист хүн харж, Давидыг үзээд түүнийг үл тоомсорлов. Учир нь Давид залуухан, улаа бутарсан, сайхан төрхтэй хөвгүүн байв. Филист хүн Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. Филист хүн Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье хэмээн занав. Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө хэмээв. Филист хүн босож, Давидтай барилцахаар өөдөөс нь ойртож ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны шугам уруу яаран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж, нэг чулуу аван дүүгүүрээр дүүгүүрдэн, филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдоход тэр нүүрээрээ газар шаан унав. Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. Давид гүйж очин, тэр филист хүний дээр гарч, түүний илдийг хуйнаас нь сугалан авч, түүнийг алан, толгойг нь илдээр цавчин таслав. Өөрсдийн ирүүл дайчин үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.

1 САМУЕЛ 17:31-51 Ариун Библи 2013 (АБ2013)

Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав. Давид, Саулд —Тэр хүнээс болж хэн ч зүрх бүү алдаг. Боол нь явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв. Тэгэхэд Саул, Давидад —Чи тэр филист хүн уруу очиж, түүнтэй тулалдаж чадахгүй. Чи ийм залуу бага хүн, харин тэр залуу байхаасаа цэргийн хүн байсан гэв. Гэвч Давид, Саулд —Боол нь эцгийнхээ хонийг хариулдаг байсан. Арслан юмуу баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явахад би араас нь хөөж очоод, түүнийг довтолж, түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч түүнийг цохиж алдаг байв. Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв. Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул, Давидад —Явагтун, ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэж хэлэв. Тэгээд Саул, Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь хүрэл дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. Ийм юмтай явж үзээгүй Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүсэлж зүүгээд алхах гэж оролдов. Давид, Саулд —Сураагүй учир би үүнийг өмсөж явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө авч явсан хурганы уутанд хийж, дүүгүүрээ гартаа бариад өнөөх филист хүн уруу явлаа. Тэгэхэд филист хүн ч бамбай үүрэгчээ урдаа зогсоон Давид уруу ойртож ирэв. Филист хүн Давидыг хараад, залуухан, улаа бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлов. Филист хүн, Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. Филист хүн, Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье гэж занав. Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв. Филист хүн босож, Давидын өөдөөс тулалдахаар ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам уруу яаран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж, нэг чулуу гаргаж аваад, дүүгүүрээр дүүгүүрдэн филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдон ороход тэр нүүрээрээ газар шаан уналаа. Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. Давид гүйн очоод тэр филист хүний дээр гарч түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.