ХААДЫН ДЭЭД 6:1-38

ХААДЫН ДЭЭД 6:1-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израилийн хөвгүүд Египетийн газраас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн хоёрдугаар сард буюу Зив сард Соломон ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ. Соломон хааны ЭЗЭНд зориулан барьсан өргөө нь жаран тохой урт, хорин тохой өргөн, гучин тохой өндөр байлаа. Өргөөний гол танхимын өмнөх үүдний танхим нь хорин тохой урт байв. Танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу бөгөөд өргөөний өмнөх хананаас урагш арван тохой илүү хийгджээ. Өргөөнд зориулж тэрээр нарийхан сараалжин цонхнууд хийв. Гол танхим ба дотоод ариун газрыг хамруулсан өргөөний ханануудыг тойруулан тэдгээртэй зэрэгцээ барилга барьжээ. Ийнхүү эргэн тойронд тэрээр хажуугийн өрөөнүүдийг бий болгов. Доод давхрын өрөөнүүд таван тохой, дунд давхрынх нь зургаан тохой, дээд давхрынх нь долоон тохой өргөн байв. Дүнзнүүдийг өргөөний ханатай залгахгүйн тулд гадна талд өргөөний хананы эргэн тойронд тэрээр давхар дам нуруу хийж өгөв. Өргөөг босгох үед чулууны ил уурхайд сайтар өнгөлж боловсруулсан чулуугаар барьсан тул алх эсвэл сүх эсвэл ямар ч төмөр багажны чимээ огтхон ч дуулдаагүй юм. Хамгийн доод давхрын хажуугийн өрөөнд орох хаалгыг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд давхар уруу, дунд давхраас дээд давхар уруу өгсдөг байлаа. Тэрээр өргөөг барьж дуусаад, хуш модон банз, дүнзээр бүрэв. Түүнчлэн тэр өргөөний харалдаа тус бүр таван тохой өндөр өрөөнүүд байгуулсан ба тэдгээр нь өргөөтэй хушин хөндлөвчөөр холбогдож байлаа. ЭЗЭНий үг Соломонд ирж, — Чиний бариулж байгаа энэ өргөөний тухайд гэвэл, хэрэв чи Миний тогтоолуудын дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний бүх тушаалуудыг сахин амьдарвал чиний эцэг Давидад айлдсан үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно. Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв. Соломон өргөөг барьж дуусгалаа. Тэгээд өргөөний дотор талын шалнаас тааз хүртэлх ханыг хуш модон банзаар бүрж, өргөөний шаланд агар банз дэвсэв. Тэрээр өргөөний хоймрын хорин тохой хэсэг газрыг дотоод ариун газар буюу хамгийн ариун газар болгон тусгаарлаж, хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов. Өргөө буюу дотоод ариун газрын өмнөх гол танхимын урт нь дөчин тохой байв. Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторлосон учир чулуу нь огт харагдахааргүй болжээ. ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд тэрээр өргөө доторх дотоод ариун газрыг бэлтгэжээ. Дотоод ариун газрын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд Соломон түүнийг шижир алтаар доторлов. Мөн тахилын ширээг ч хушаар бүржээ. Соломон өргөөг шижир алтаар доторлож, дотоод ариун газрын өмнүүр алтан гинжнүүд татаж, түүнчлэн дотоод ариун газрыг бүхэлд нь алтаар бүржээ. Ийнхүү тэр өргөөний доторхыг нэлэнхүйд нь алтаар бүрсэн юм. Дотоод ариун газарт байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа. Мөн дотоод ариун газарт тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херубууд бүтээжээ. Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой хэмжээтэй байв. Нөгөө херуб ч бас арван тохой байлаа. Эдгээр херубууд хоёулаа адил хэлбэр, хэмжээтэйгээр хийгджээ. Херуб тус бүр арван тохой өндөр байлаа. Соломон хос херубуудыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавчууд нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч нэг талын хананд, нөгөө херубын далавч нөгөө талын хананд хүрч байв. Тэдний далавчууд нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа. Херубуудыг ч мөн тэрээр алтаар бүрсэн байлаа. Дараа нь өргөөний бүх ханануудыг тойруулсан буюу дотоод, гадаад ариун газруудад тэрээр херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ. Тэрээр өргөөний шал буюу дотоод, гадаад ариун газруудын шалыг алтаар бүрэв. Дотоод ариун газар уруу нэвтрэх үүдэнд чидун модоор хаалгануудыг, холбоосуудыг нь болон таван талт хүрээг хийв. Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн байлаа. Ийнхүү гол танхимын үүдэнд тэрээр дөрвөн талт хүрээг чидун модоор хийжээ. Хоёр хаалгыг нь агар модоор хийв. Хаалга тус бүр нь эвхэгддэг хос хавтаснаас бүтэж байлаа. Тэдгээрийн дээр тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь жигд тархахаар алтаар бүрсэн байлаа. Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хуш модон дүнзээр хийжээ. Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ. Арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард төлөвлөгөөний дагуу бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө баригдаж дуусав. Соломон үүнийг долоон жил барьжээ.

ХААДЫН ДЭЭД 6:1-38 Ариун Библи 2013 (АБ2013)

Израилийн хөвгүүд Египет нутгаас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн Зив сар буюу хоёрдугаар сард Соломон, ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ. ЭЗЭНд зориулан Соломон хааны барьсан өргөөний урт жаран тохой, өргөн нь хорь, өндөр нь гучин тохой байлаа. Өргөөний ариун танхимын урд талын үүдний танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу хорин тохой бөгөөд өргөөнөөс урагш арван тохой өргөнтэй хийгджээ. Өргөөнд зориулж тэрээр хүрээ ба сараалжтай цонхнууд хийв. Ариун танхим ба дотоод ариун танхим буюу өргөөний ханыг тойруулан тэдгээрийг залгаж өргөтгөв. Ийнхүү хананы эргэн тойронд тэрээр хажуугийн давхруудыг гаргалаа. Хамгийн доод давхар таван тохой өргөн, дундах нь зургаан тохой өргөн, дээдэх нь долоон тохой өргөн байв. Учир нь өргөөний хананд хөндлүүдийг тулгахгүйн тулд тэрээр өргөөний эргэн тойронд илүү гарсан дай хийж өгөв. Өргөөг босгохдоо уурхай дээр нь гүйцэд янзалсан чулуугаар барьсан тул алх, сүх эсвэл ямар нэг төмөр багажны чимээ өргөөг босгоход ер дуулдаагүй юм. Дундах хажуугийн давхрын үүдийг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд ба дундаас гурав дахь давхар уруу өгсдөг байлаа. Тэрээр өргөөг барьж дуусаад, хушин банз дүнзээр бүрэв. Түүнчлэн өргөөний зэргэлдээ тусбүр таван тохой өндөр залгаа барилга байгуулсан ба тэдгээр нь хушин хөндлөвч модоор өргөөтэй холбогдож байлаа. ЭЗЭНий үг Соломонд ирж — Чиний барьж байгаа энэ өргөөний тухайд, хэрэв чи Миний тогтоолууд дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний тушаал бүрээр явж түүн дотор амьдарвал чиний эцэг Давидад хэлсэн үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно. Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв. Соломон өргөөг барьж дуусгалаа. Тэрээр өргөөний дотор ханыг хуш модон банзаар барьж, дотор талыг нь шалнаас тааз хүртэл модоор бүрж, өргөөний шаланд майлс модон банз дэвсэв. Тэрээр өргөөний ар буюу хойморт дотоод ариун танхим буюу ариунаас ариун газар болгон хорин тохой хэсэг газрыг хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов. Харин түүний урд талын ариун танхим буюу өргөө дөчин тохой урт байв. Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторложээ. Бүгд хуш мод учир чулуу нь огт харагдахааргүй болсон байв. ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд өргөөний дотор талд дотоод ариун танхимыг бэлтгэжээ. Дотор талд буй дотоод ариун танхимын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд тэрээр түүнийг шижир алтаар доторлож, тахилын ширээг ч хушаар бүржээ. Соломон өргөөний дотор талыг шижир алтаар бүрж, дотоод ариун танхимын өмнүүр алтан гинжүүд татан гарц гаргаж, түүнийг бүхэлд нь алтаар бүржээ. Тэрээр өргөөг бүхэлд нь алтаар доторлосон юм. Дотоод ариун танхимын урд байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа. Мөн дотоод ариун танхимд тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херуб бүтээжээ. Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой байв. Нөгөө херуб ч бас арван тохой байлаа. Энэ херубууд хоёулаа адил хэлбэр, хэмжээтэй байжээ. Нэг херубын өндөр арван тохой, нөгөөгийнх мөн адил байлаа. Тэрээр хос херубыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавч нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч хажуу хананд, нөгөө херубын далавч нөгөө хажуу хананд хүрч байв. Тэдний далавч нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа. Тэрээр херубуудыг ч мөн алтаар бүрсэн байлаа. Тэрээр өргөөний бүх ханыг тойруулан дотор гадаргүй херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ. Тэрээр өргөөний шалыг дотор гадаргүй алтаар бүрэв. Дотоод ариун танхимын үүдэнд тэрээр чидун модоор хаалганууд, холбоосууд болон таван талт хүрээг хийв. Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн бөгөөд херубууд, далдуу моднууд дээр алт түрхжээ. Тэр бас ариун танхимын үүдэнд дөрөв давхарласан хаалганы хүрээг чидун модоор мөн хоёр хаалгыг нь майлс модоор хийв. Нэг хаалга эвхэгддэг хос хавтастай мөн нөгөө хаалга ч эвхэгддэг хос хавтастай байв. Тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь сийлээсээ дагуулан алтаджээ. Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хушин дүнзээр хийжээ. Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ. Ингээд арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө бүх загвараараа баригдаж дуусав. Тэрээр үүнийг долоон жил барьжээ.