ХААДЫН ДЭЭД 2:1-46

ХААДЫН ДЭЭД 2:1-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

Давидын үхэх цаг ойртсоор ирэхэд тэрээр хүү Соломондоо сургамжлан, — Би дэлхийн бүх хүмүүсийн жамаар явж байна. Тийм учраас хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул. Чи юу хийсэн ч, хаа явсан ч бүх зүйлд амжилтыг олохын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий замаар алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний тогтоол, тушаал зарлиг болон гэрчлэлийг сахихын тулд Түүний зааврыг дага. Ингэснээр миний талаар “Хэрэв чиний хөвгүүд бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө үнэн дотор явбал, Израилийн сэнтийд залрах хүн чамаас хойш тасрахгүй” гэж хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно. Зеруиагийн хүү Иоабын надад үйлдсэнийг болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт яаж хандаж тэднийг алсныг нь чи мэдэж байгаа. Тэр бас амар тайван үед дайны цус урсгасан билээ. Тэр дайны цусыг өөрийн бүс болон хөлдөө угласан шаахайндаа нялсан юм. Тэгэхээр чи өөрийн мэргэн ухаанаараа шийдэн, түүний буурал үсийг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулж болохгүй. Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүсийн дунд байлга. Учир нь намайг чиний ах Абсаломаас зугтаж байсан үед тэд надад тусалсан юм. Харагтун, Бахуримаас гаралтай бениамин хүн Герагийн хүү Шимеи чамтай хамт байна. Намайг Маханаим уруу явдаг өдөр тэр намайг хараасан боловч тэрээр Иордан гол дээр над уруу ирэх үед нь би түүнд ЭЗЭНээр тангараглан “Би чамайг сэлмээр хороохгүй” гэж хэлсэн юм. Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Чи түүний буурал үсийг цустай хамт Үхэгсдийн орон уруу явуулаарай гэв. Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдсан билээ. Давид Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил, нийт дөчин жил Израилийг захирчээ. Эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларсан бөгөөд түүний хаанчлал бат тогтсон байлаа. Нэгэн удаа Хаггитын хүү Адониа Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба —Чи амар тайван ирэв үү? гэж асуухад, тэрээр —Амар тайван гэж хариулав. Дараа нь тэр —Танд дуулгах үг байна гэхэд Батшеба —Айлтгагтун гэв. Тэрээр —Уг нь хаанчлал минийх байх ёстой байсан бөгөөд бүх Израиль намайг хаан болохыг хүсэж байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНий хүсэл учраас хаанчлал одоо миний дүүгийнх болсон билээ. Одоо надад нэг хүсэлт байна. Надад бүү татгалзаарай гэж өчихөд Батшеба түүнд —Хэлэгтүн хэмээв. Тэгэхэд тэрээр —Шунем эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломоноос гуйж өгөөч. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ. Батшеба ч —Сайн байна. Би чиний төлөө хаантай ярилцъя гэв. Тэгээд Батшеба Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан босон, ээжийгээ угтан авч, түүнд мэхийгээд, дахин сэнтийдээ залрав. Тэгээд тэрээр ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун талд нь суулаа. Дараа нь Батшеба —Надад нэг бяцхан хүсэлт байна. Надад бүү татгалзаарай гэсэнд, хаан түүнд —Би танд татгалзахгүй учраас та асуу даа. Ээж ээ гэв. Батшеба —Шунем охин Абишагийг чиний ах Адониад эхнэр болгон өгөөч гэв. Соломон хаан ээждээ хариулан —Та яагаад Шунем охин Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Тэгвэл тэр тусмаа тэр миний ах учраас түүний төлөө мөн хаанчлалыг ч гуйгаач. Мөн тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоабын төлөө ч мөн хүсэлт гаргаач гэж өгүүлэв. Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж —Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амь насны эсрэг хэлээгүй байвал Бурхан намайг шийтгэг. Тийм учраас одоо намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өнөөдөр Адониа заавал үхэх болно гэж хэлэв. Соломон хаан Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж, түүнийг хөнөөлгөн алуулав. Дараа нь тахилч Абиатарт хаан —Өөрийн талбай уруу, Анатот уруу явагтун. Чи хэдийгээр үхвэл зохих боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явдаг байсан бөгөөд миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ. Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас халсан. Ингэснээр Елигийн гэр бүлийнхний талаар Шилод хэлсэн ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлжээ. Энэ мэдээ Иоабт дуулдлаа. Хэдийгээр Иоаб Абсаломыг дагаагүй ч Адониаг дагасан тул тэрээр ЭЗЭНий майхан уруу зугтан, тахилын ширээний эврээс зууран барив. Иоаб ЭЗЭНий майхан уруу зугтан одоо тахилын ширээний хажууд байгаа тухай Соломон хаанд дуулгасанд, тэрээр Иехоиадагийн хүү Бенаиаг илгээж, —Явж, түүнийг хөнөө гэж түүнд тушаав. Ийнхүү Бенаиа ЭЗЭНий майхан уруу ирээд, Иоабт —Хаан чамд “Гараад ир” хэмээн тушаасан гэв. Харин тэр —Гарахгүй. Би энд л үхнэ гэж хариуллаа. Бенаиа хаанд —Иоаб ийнхүү хэлж, ийнхүү хариуллаа гэдэг мэдээг эргүүлэн аваачлаа. Хаан түүнд —Түүний хэлснээр үйлдэж, түүнийг хөнөөгөөд, оршуул. Тэгвэл чи Иоабын шалтгаангүйгээр урсгасан цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулах болно. Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгах болно. Учир нь миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө ч илүү зөв шударга, сайн хоёр хүнийг буюу Израилийн армийн жанжин Нерийн хүү Абнер болон Иудагийн армийн жанжин Иетерийн хүү Амаса нарыг хөнөөж сэлмээр алсан билээ. Ийнхүү тэдний цус нь Иоаб болон түүний үр хүүхдүүдийн толгойн дээр мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд, түүний гэр бүл, түүний хаан ширээнд нь ЭЗЭНээс амар тайван байдал мөнхөд байх болтугай гэв. Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнийг цохиж алав. Тэрээр цөл дэх өөрийн гэрт оршуулагджээ. Хаан Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо. Ингээд хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд түүнд —Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй. Учир нь чи гадагш гарч, Кидрон горхийг туулах тэр өдөр чи заавал үхэхээ баттай мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв. Тэгэхэд Шимеи нь хаанд —Зөв үг байна. Миний Эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимаас гаралгүй тэнд олон өдөр амьдарчээ. Гэвч гурван жилийн төгсгөлд Шимеигийн боолуудаас хоёр хүн Гатын хаан, Маакагийн хүү Ахиш уруу зугтжээ. Хүмүүс Шимеид —Харагтун. Зарц нар чинь Гатад байна гэдгийг мэдүүлэв. Тэгэхэд Шимеи босож, илжгэндээ эмээл тохон, боолуудаа олж ирэхээр Гатад буй Ахиш уруу явсан билээ. Шимеи явж тэндээс боолуудаа дагуулан иржээ. Шимеи Иерусалимаас Гат уруу явчихаад эргээд ирсэн гэдгийг Соломонд мэдэгджээ. Тиймээс хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд, түүнд —Би чамайг ЭЗЭНээр тангараглуулан, хатуу сануулахдаа “Чи тодорхой мэдэж ав. Гадагшаа гарч ямар нэг газар уруу явах өдрөө заавал үхнэ” гэж хэлсэн бус уу? Чи өөрөө ч надад “Хэлсэн үг тань сайн байна” гэж хэлсэн шүү дээ. Гэтэл юунд чи ЭЗЭНий тангараг болон миний чамд даалгасан тушаалыг сахисангүй вэ? гэж зэмлэв. Мөн хаан Шимеид —Миний эцэг Давидад хийсэн ба зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн бүх бузар муугаа чи санаж байгаа. Тийм учраас ЭЗЭН чиний бузар мууг толгой дээр чинь буцаан буулгана. Харин Соломон хаан ерөөгдөж, Давидын хаан ширээ ЭЗЭНий өмнө мөнхийн мөнхөд бат зогсох болно гэж өгүүлэв. Хаан Иехоиадагийн хүү Бенаиад тушаасанд, тэр гадагш гаран, Шимеиг хөнөөж аллаа. Ингээд хаанчлал Соломоны гарт атгагдлаа.

ХААДЫН ДЭЭД 2:1-46 Ариун Библи 2013 (АБ2013)

Давидын үхэх өдрүүд дөхөж ирэхэд тэрээр хүү Соломондоо зааварлан — Би хорвоогийн жамаар одох гэж байна. Тиймээс хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул. Чи юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухаантай байхын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий зааврыг дагаж, ингэхдээ замаар нь алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтун. Ингэснээр “Хэрэв чиний хөвгүүд замаа анхаарч, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Миний өмнө итгэмж үнэн дотор явбал, Израилийн сэнтийд залрах хүн чамаас хойш тасрахгүй” гэж миний тухайд хэлсэн амлалтаа ЭЗЭН биелүүлэх болно. Зеруиагийн хүү Иоабын надад болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт юу үйлдсэнийг чи мэдэж байгаа. Тэрээр тэднийг алж, амар тайван үед дайны цус урсгаж, дайны цусыг бэлхүүсэн дэх бүс болон хөлдөө угласан шаахайдаа нялсан юм. Тэгэхээр түүний буурал толгойг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулах учиргүйг чи мэргэн ухаанаараа шийд. Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл хайр үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүс байлга. Учир нь намайг Абсалом ахаас чинь зугтаж байсан үед тэд намайг тосож ирсэн юм. Харагтун, Бахуримаас гаралтай бениамин хүн Герагийн хүү Шимеи чамтай хамт байна. Намайг Маханаим уруу явдаг өдөр тэр намайг муу муухай хараалаар хараасан билээ. Гэвч тэрээр Иордан гол дээр над уруу ирэх үед нь би түүнд “Би чамайг илдээр хороохгүй” гэж ЭЗЭНээр тангарагласан юм. Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Түүний буурал толгой Үхэгсдийн оронд цустай очих ёстой юм гэв. Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод тавигдсан билээ. Давид Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил, нийт дөчин жил Израилийг захирчээ. Дараа нь эцэг Давидынхаа сэнтийд Соломон заларч, түүний хаант засаг бат тогтлоо. Дараа нь Хаггитын хүү Адониа, Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба —Чи амар тайван ирэв үү? гэж асуухад тэрээр —Амар тайван гэж хариулав. Мөн тэр —Танд хэлэх үг байна гэхэд Батшеба —Яригтун гэв. Тэрээр —Уг нь хаанчлал минийх болж бүх Израиль намайг хаан болгохоор надад нүүр өгч байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНээс түүнд өгөгдсөн тул хаанчлал эргэж, одоо миний дүүгийнх болсон билээ. Одоо би танаас ганцхан гуйлт гуйя. Надад бүү татгалзаарай гэж өчихөд Батшеба түүнд —Яригтун гэв. Тэгэхэд тэр —Шунем эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломонтой ярьж өгөөч гэж гуйя. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ. Батшеба ч —За тэгье. Би чиний төлөө өөрөө хаантай ярилцъя гэв. Тиймээс Батшеба, Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан ээжийгээ угтан авахаар босож түүнд мөргөөд, дахин сэнтийдээ залрав. Тэрээр хатан ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун гар талд суулаа. Тэгээд Батшеба —Чамаас нэг бяцхан хүсэлт гуйя. Надад бүү татгалзаарай гэсэнд хаан түүнд —Ээж минь, би танд татгалзахгүй учир та гуйна уу гэв. Батшеба —Шунем эмэгтэй Абишагийг чиний ах Адониад эхнэр болгон өгөхийг зөвшөөрөөч гэв. Тэгэхэд Соломон хаан ээждээ хариулан —Та яагаад шунем эмэгтэй Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Тэр миний ах учраас түүний төлөө хаанчлалыг гуйж, түүгээр барахгүй тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоабын төлөө ч мөн асуугаач гэж хэлэв. Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж —Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амийн эсрэг хэлээгүй байвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! Намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭН амьд! Өнөөдөр Адониа заавал үхэх ёстой гэв. Соломон хаан, Иехоиадагийн хүү Бенаиаг илгээсэн бөгөөд тэрээр Адониад халдаж тэр үхэв. Тэгээд хаан тахилч Абиатарт —Талбай уруугаа, Анатот уруу явагтун. Чи үхэх ёстой хүн боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явж бас миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ. Ингээд Елигийн гэрийн тухайд Шилод айлдсан ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлэхээр Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас зайлууллаа. Иоаб, Абсаломыг дагаагүй хэдий ч Адониаг дагасан тул энэ мэдээ Иоабт дуулдлаа. Тэрээр ЭЗЭНий асар уруу зугтаж, тахилын ширээний эврээс зууран барив. Иоаб ЭЗЭНий асар уруу зугтсан ба тэрээр тахилын ширээний хажууд байна гэдгийг Соломон хаанд дуулгасанд Иехоиадагийн хүү Бенаиаг тэрээр илгээж —Явж очоод, түүнийг хөнөө гэж тушаав. Ийнхүү Бенаиа ЭЗЭНий асарт ирээд, Иоабт —Хаан “Гараад ир” гэж чамд тушаасан гэв. Харин тэр —Гарахгүй. Би энд л үхнэ гэж хариуллаа. Бенаиа —Иоаб ийнхүү хэлж, надад тийнхүү хариуллаа гэх үгийг хаанд эргүүлэн аваачив. Хаан, Бенаиад —Түүний хэлснээр үйлд. Иоабын урсгасан гэмгүй цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулахын тулд түүнийг хөнөөгөөд оршуул. Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ. Ийнхүү тэдний цус нь Иоаб болон түүний үрсийн толгой дээр эргэн бууж мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд, түүний гэр, түүний сэнтий дээр ЭЗЭНээс амар тайван мөнхөд байх болно гэв. Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнд халдаж хөнөөв. Түүнийг цөл дэх өөрийнх нь гэрт нутаглуулжээ. Хаан, Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо. Ингээд хаан, Шимеиг дуудуулахаар илгээж, ирсэн хойно нь түүнд —Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй. Учир нь чи гадагш гарч, Кидрон гууг гатлах тэр өдөртөө үхэх болно гэдгийг мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв. Тэгэхэд Шимеи, хаанд —Зөв зүйтэй үг байна. Миний эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимд удаан хугацаагаар амьдарчээ. Тэгтэл гурван жилийн төгсгөлд Шимеигийн хоёр боол Гатын хаан, Маакагийн хүү Ахиш уруу зугтжээ. Шимеид —Харагтун, боолууд чинь Гатад байна гэж мэдүүлэхэд Шимеи босож, илжгээ эмээллэн боолуудаа эрж хайхаар Гатад буй Ахиш уруу явсан билээ. Шимеи явж Гатаас боолуудаа дагуулан иржээ. Шимеи Иерусалимаас Гат уруу явчихаад эргээд ирсэн гэдгийг Соломонд мэдэгдэв. Тиймээс хаан, Шимеиг дуудуулахаар илгээж, ирэхэд нь түүнд —Би чамд “Гадагшаа гарч ямар нэг газар уруу явах өдрөө чи заавал үхнэ гэдгээ мэдэж ав” гэж урьдаас сануулж, чамайг ЭЗЭНээр тангараглуулж байсан бус уу? Чи өөрөө ч надад “Миний сонссон үг зүйтэй байна” гэж хэлсэн шүү дээ. Гэтэл юунд чи ЭЗЭНд өгсөн ам өчиг, миний чамд тушаасан тушаалыг сахисангүй вэ? гэв. Түүнчлэн хаан, Шимеид —Миний эцэг Давидад хийсэн бүх бузар муугаа чи зүрх сэтгэлдээ мэдэж байгаа. Тиймээс ЭЗЭН чиний хорон санааг толгой дээр чинь буцаан буулгах болно. Харин Соломон хаан ерөөгдөж, Давидын сэнтий ЭЗЭНий өмнө мөнхийн мөнхөд бат тогтох болно гэв. Тэгээд хаан, Иехоиадагийн хүү Бенаиад тушаал буулгасанд тэр гадагш гарч, Шимеиг хөнөөв. Тэр ийнхүү үхэв. Ингээд хаанчлал Соломоны гарт баттай атгагдлаа.