ГАЛАТ 1

1
1Хүмүүсээс биш, хүнээр биш, харин Есүс Христээр ба Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул би 2болон надтай хамт байгч бүх ах дүү нар Галатын чуулгануудад илгээв. 3Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай. 4Бидний Бурхан ба Эцэгийн хүслээр одоогийн бузар булай энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн төлөө Есүс Христ Өөрийгөө өгсөн юм. 5Бурханд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
6[Христийн] нигүүлслээр та нарыг дуудсан Түүнээс та нар өөр сайн мэдээнээс болж тийм түргэн салж байгаад би гайхаж байна. 7Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна. 8Харин бид, эсвэл тэнгэрээс тэнгэр элч хүртэл бидний [та нарт] тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг. 9Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг.
10Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханы тааллыг уу? Эсвэл би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол би Христийн боол биш байх байсан.
11Ах дүү нар аа, миний тунхагласан сайн мэдээ нь хүний дагуу биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна. 12Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлтээр хүлээж авсан билээ.
13Учир нь Иудейн шүтлэг доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан. 14Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү илүү сүжигтэй байж, Иудейн шүтлэг дотор нутаг нэгт олон үе чацуутнуудаасаа илүү дэвшиж байсан юм. 15Харин намайг эхийнхээ хэвлийд байхаас сонгон тусгаарлаж, Өөрийн нигүүлслээрээ дуудсан Тэр нь 16Өөрийн Хүүг миний дотор илчлэхээр таалсан юм. Ингэснээр би Түүнийг харь үндэстнүүдийн дунд тунхаглах юм. Тэр даруй би махан биетэйгээ, цустайгаа зөвлөсөн ч үгүй, 17Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу явсан ч үгүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирэв.
18Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим уруу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа. 19Гэвч Эзэний дүү Иаковаас өөр бусад элч нарыг би хараагүй. 20(Миний бичиж байгаа зүйл нь худал биш гэдгийг би Бурханы өмнө баталж байна.) 21Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явав. 22Христ дотор байгч Иудейн чуулганууд өнөөг хүртэл зүсээр минь намайг таньдаггүй байв. 23Харин тэд зөвхөн “Биднийг хавчиж байсан нэгэн тэр үед устгахаар оролдсон итгэлээ эдүгээ тунхаглаж байна” гэдгийг л сонссоор байсан. 24Тэд надаас болж Бурханыг алдаршуулж байсан юм.

Одоогоор Сонгогдсон:

ГАЛАТ 1: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү