Соломоны дуун 3

3
Хайрын зүүд
1Амин голоос хайртай түүнээ
шөнөд би орондоо хайнам.
Хайлаа гээд түүнийгээ
харин би эс олном
Хашхирч түүнийг дуудаад ч
Хариуг тэр эс өгнөм.
2“Одоо би босож,
орон хотоор явсу,
Гудам, талбайг гулд хэдчин
Голын хайртаа
горилж бэдэрсү”
Хайлаа гээд би түүнийгээ
харин эс олов.
3Харуулынхан хот эргэж яваад
харин намайг олов.
“Халуун голын хайртыг минь
хараагүй биз”.
4Амжиж тэднээс салангуут
Амин хайртаа би олов.
Ээж минь намайг
хэвлийдээ олж тээсэн
Энэ өрөөнд ортлоо
эс тавьж явуулав.
5—Иерусалимын охид оо,
Талын гөрөөс,
марал бугаар андгайлъя.
Таашаал дурыг, бэлэн болтол нь
битгий өдөөж сэрээ.
Сүйт залуугийнхан айсуй
6Утаан багана гэлтэй
утлага мирр тэргүүтэй
Арилжааны үнэрт энгэсгийг анхилууланхан
Эзгүй цөлөөс ирж яваа
энэ ер нь юу вэ?
7Энэ бол Соломоны
нүүдлийн тэрэг, харагтун
Израилийн хүчирхэг эрсээс
жаран хүчирхэг эр түүний
Эргэн тойронд нь явна.
8Тулаанд мэргэшсэн тэд
бүгдээр илд агсжээ.
Ташаандаа бүгд илдтэй,
шөнийн аймшгаас хамгаалжээ.
9Соломон хаан өөртөө
Ливаны модоор
жууз хийжээ.
10Гар дамнуургыг нь мөнгөөр
Ар түшлэгийг нь алтаар
Дор суудлыг нь
нил ягаан бөсөөр хийжээ
Доторлохдоо Иерусалимын охид хичээжээ.
11Сионы охид оо, гарцгаа.
Сэтгэл зүрхнийх нь
баярын өдөр, хуримаар нь
Соёрхож ээжийнх нь залсан титэмтэй
Соломон хааныг харцгаа.

Одоогоор Сонгогдсон:

Соломоны дуун 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна