Дуулал 27

27
Ялалтын дуу
Давидын дуулал.
1ЭЗЭН миний гэрэл хийгээд
Аврал минь болой.
Хэнээс би эмээх юм бэ?
ЭЗЭН миний амийн хамгаалалт болой.
Хэнээс би айх юм?
2Миний өстөн ба дайснууд,
Ёрын мууг үйлдэгчид
Бие махбодыг минь
цөлмөхөөр над уруу ирвэл
Бүдэрч унацгаах ажгуу.
3Хуаран цэрэг намайг бүслэвч
Зүрх минь үл айнам.#27:3 Эзэнд итгэсээр байнам эсвэл Зүрх үл алдмуй.
Миний эсрэг дайн дэгдэвч,
Энэ бүгдийн дунд би итгэлтэй байнам.
4ЭЗЭНээс миний гуйсан,
эрэх ганцхан зүйл гэвэл
ЭЗЭНий гоо сайхныг харж,
сүмд нь бясалган,
Амьдралынхаа бүхий л өдрүүдэд
ЭЗЭНий өргөөнд суух явдал.
5Учир нь зовлонгийн өдөр
Тэр намайг асартаа далдлах болно.
Майхныхаа нуувчинд намайг нуух болно.
Тэр намайг өндөр хадан дээр гаргана.
6Тэгэхэд миний тэргүүн
тойрсон дайснуудын маань дээгүүр өргөмжлөгдөж,
Би Түүний майханд
баяр хөөртэйгөөр тахил өргөнө.
ЭЗЭНд би эгшиглүүлэнхэн дуулна.
7Сонсооч ЭЗЭН,
Дуу хоолойгоороо би хашхирнам,
Намайг нигүүлсээч, надад хариулаач!
8“Миний царайг эрэн хайцгаа!” гэхэд
Зүрх минь Танд
“ЭЗЭН, царайг тань би эрж хайюу” гэв.
9Царайгаа надаас бүү нуугаач,
Зарцаа хилэндээ бүү орхиоч!
Тусламж минь Та байсаар ирсэн,
Бүү хаяач, бүү орхиоч, намайг,
Авралын минь Бурхан!
10Эцэг, эх минь намайг орхиход,
ЭЗЭН харин намайг авна.
11ЭЗЭН, замаа надад зааж,
Дайснуудын минь учир
Намайг тэгш жимээр удирдаач!
12Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон
Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул
Намайг өстөнгүүдийн минь
Шуналд бүү даатгаач.
13ЭЗЭНий сайн сайхныг
Амьдын газарт харна гэж би итгэсэн.
14ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!
Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун!
Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 27: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна