Нехемиа 6

6
Дайсагнагчдын явуулга нурав
1Намайг хэрмийг дахин босгосон ба хэрмэнд цөмөрхий үлдээгээгүй гэдгийг Санбаллат, Тобиа, араб хүн Гешемд болон бусад дайснуудад маань мэдээлэхэд (Харин тэр үед би гулдан хаалгануудад самбаруудыг нь хараахан байрлуулаагүй байсан.) 2Санбаллат, Гешем нар надад захидал илгээн
—Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд намайг хорлох санаатай байв. 3Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж хэлүүлэв. 4Тэд надад ийм утгатай захидал дөрвөн удаа илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л утгатай хариугаа өгөв. 5Тэгэхэд Санбаллат ийм утгыг тав дахь удаа өөрийн зарцаар илгээсэн бөгөөд түүний гарт битүүмжлээгүй#6:5 Захидлыг битүүмжлэлгүй орхих нь захидлын утгыг бүгдэд илэрхий болгох гэсэн зориудын арга байжээ. захидал байв. 6Тэнд бичсэн нь “Чи болон иудейчүүд тэрслэн босохоор төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргээн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдаж байна. Гешем ч үүнийг хэлж байна. Энэ мэдээллээр бол чи тэдний хаан болох гэнэ. 7Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай «Иудад хаан байна» гэж зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд дуулдана. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдье” гэжээ. 8Тэгэхэд би түүнд захидал илгээн “Таны хэлж байгаа шиг тийм зүйлс огт болоогүй. Харин та эдгээрийг санаанаасаа зохиож байна” гэлээ. 9Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” гэж бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, гарыг минь тэнхрүүлээч Бурхан минь ээ. 10Нэг өдөр би гэртээ хоригдсон, Мехетабелын ач, Делаиагийн хүү Шемаиагийн гэрт ороход, тэр
—Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв. 11Гэвч би
—Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь сүм уруу ороод амиа аварч чадах уу? Би орохгүй гэж хэлэв. 12Тэгэхэд би Бурхан түүнийг огт илгээгээгүй, харин Тобиа, Санбаллат нар түүнийг хөлсөлсөн учир тэр миний эсрэг эш үзүүлсэн гэдгийг ойлгосон. 13Намайг айлгаж, ийм аргаар нүгэл үйлдүүлэх гэж тэрээр хөлслөгдсөн бөгөөд ингэснээр намайг буруутгах муу нэрийг#6:13 эсвэл муу мэдээллийг тэд өгч чадах байлаа. 14Өө, Бурхан минь, Тобиа, Санбаллат нарын үйлдсэн бүхний дагуу мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиа, бас намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.
Хэрмийг барьж дууслаа
15Ингээд хэрэм нь тавин хоёр хоногийн дотор, Елул сарын хорин таванд баригдаж гүйцлээ. 16Бидний бүх дайсан үүнийг сонсож, эргэн тойрны маань бүх үндэстэн үүнийг хараад, тэдний ихэмсэг харц доошлов. Учир нь энэ ажил Бурханы маань дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгожээ. 17Мөн тэр өдрүүдэд Иудагийн сурвалжтануудаас Тобиад олон захидал очиж, Тобиагийн захидлууд тэдэнд ирэв. 18Юун хэмээвээс, тэрбээр Арагийн хүү Шеканиагийн хүргэн байсан бөгөөд мөн түүний хүү Иехоханан нь Берехиагийн хүү Мешулламын охинтой гэрлэсэн тул түүнтэй тангаргаар холбогдсон хүн Иудад олон байжээ. 19Түүнээс гадна тэд миний дэргэд түүний сайн үйлсийн тухай ярьж байсан ба үгсийг минь түүнд мэдээлж байв. Тэгээд Тобиа намайг сүрдүүлэхээр захидлуудыг илгээв.

Одоогоор Сонгогдсон:

Нехемиа 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна