Мика 3

3
Буруу удирдагчид ба эш үзүүлэгчид
1Тэгээд би тийнхүү хэлэв.
“Сонсогтун, Иаковын тэргүүлэгч нар,
Израилийн гэрийн захирагчид аа!,
Шүүлтийг та нар мэдэх ёсгүй гэж үү?
2Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан,
Тэдний арьсыг хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд
3Миний ард түмний биеийг идэж,
Тэдний арьсыг нь хуулан, ясыг нь хугалж,
Тогоо саван дахь мах адил тэднийг хэрчдэг”
4Тэгээд тэд ЭЗЭН өөд хашхирах боловч
Тэр эс хариулна.
Муу муухай зүйлийг тэд үйлдсэн тул
Тэр цагт Тэрээр нүүрээ тэднээс нууна.
5Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар
ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа
“Амар амгалан” гэж хашхирдаг.
Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг
Тэд дайн зарладаг.
6Тиймээс энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө,
Мэргэ төлгөгүй харанхуй болно.
Нар эш үзүүлэгчид дээр шингэж,
Өдөр нь тэдний дээр хар болно.
7Үзмэрчид гутамшиг болж,
Мэргэчид ичих болно.
Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул
Тэд үнэхээр бүгд амаа таглах болно.
8Тэгэхэд би, Иаковт гэмт үйлдлийг нь,
Израильд нүглийг нь мэдүүлэхийн тулд
Хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр,
Шүүлт, эр зоригоор дүүрэн байна.
9Сонсогтун үүнийг, шүүлтийг жигшиж,
Чигч шулуун болгоныг мушгидаг
Иаковын гэрийн тэргүүлэгчид ба Израилийн гэрийн захирагчид аа!
10Та нар Сионыг цусаар,
Иерусалимыг гажуудлаар босгодог.
11Тэргүүн нар хахууль аван шүүж,
Тахилч нар нь хөлсөөр зааварчлан,
Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг.
Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн,
“ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү?
Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.
12Тиймээс та нараас болж
Сион талбай мэт хагалагдаж,
Иерусалим сүйрч,
Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.#Иер 26:18

Одоогоор Сонгогдсон:

Мика 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна