Лук 9

9
Есүс арван хоёроо илгээв
(Мт 10:5–15; Мк 6:7–13)
1Есүс арван хоёроо цугт нь дуудаад, өвчнийг эдгээх болон бүх чөтгөрөөс дээгүүрх хүч, эрх мэдлийг тэдэнд өгчээ. 2Бурханы хаанчлалыг тунхаглуулан мөн өвчтэйг эдгээлгэхээр Тэр тэднийг илгээв. 3Тэр тэдэнд
—Аян замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй.#Лк 10:4–11; Үйл 13:51 4Та нар ямар айлд орно, явтлаа тэндээ бай. 5Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд, хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. 6Тэндээс тэд суурингуудаар явж эхлэн сайнмэдээг дэлгэрүүлэн, хаа сайгүй эдгээж байлаа.
Херодын алмайрал
(Мт 14:1–12; Мк 6:14–29)
7Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхлээс амилсан гэж,#Мт 16:14; Мк 8:28; Лк 9:19 8зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь хуучны эш үзүүлэгчдийн нэг нь амилсан гэж ярьж байжээ. 9Херод
—Би, Иоханы толгойг авахуулсан. Тэгвэл надад өөрийнх нь талаар иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа.
Таван мянган эрийг хооллов
(Мт 14:13–21; Мк 6:30–44; Иох 6:1–14)
10Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан Бетсайд хэмээх хотыг зүглэж хэдүүлхнээ явлаа. 11Гэвч ард олон үүнийг нь мэдээд Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгэрэх хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв. 12Үд хэвийх үед арван хоёр нь Түүн дээр ирж,
—Хурсан олныг тарааж явуулаач. Тэд ойр хавийн суурингуудад очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд зэлүүд газар байна шүү дээ гэв. 13Харин Тэр тэдэнд
—Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд
—Бид явж, эдгээр хүмүүст бүгдэд нь идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас өөр юм алга гэжээ. 14(Тэнд таван мянгаад эрчүүд байсан юм.) Тэр шавь нартаа
—Тэднийг тавь тавиар нь хэсэг болгон суулга гэв. 15Тэд ч бүгдийг тэгж суулгажээ. 16Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв. 17Тэд бүгд идэж цадсан байлаа. Үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
Есүсийн тухай Петрийн тунхаглал
(Мт 16:13–19; Мк 8:27–29)
18Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байлаа. Шавь нар нь ч Түүнтэй цуг байж. Тэр тэднээс
—Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад 19тэд
—Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр зарим нь хуучны нэгэн эш үзүүлэгч амилсан гэдэг гэв.#Мт 14:1–2; Мк 6:14–15; Лк 9:7–8 20Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ?#Иох 6:68–69 гэхэд Петр
—Бурханы Христ гэж хариулжээ.
Есүс үхэл, амилалаа зөгнөв
(Мт 16:20–28; Мк 8:30—9:1)
21Харин Есүс энэ тухай хэнд ч хэлж болохгүй хэмээн тэдэнд анхааруулан тушааж
22Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав дахь хоног дээрээ амилна гэв. 23Тэр тэдэнд бүгдэд нь хандаж
—Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.#Мт 10:38; Лк 14:27 24Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна.#Мт 10:39; Лк 17:33; Иох 12:25 25Хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? 26Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Өөрийн болон Эцэгийн мөн ариун тэнгэрэлч нарын цог жавхлан дотор ирэхдээ түүнээс ичих болно. 27Гэвч үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Бурханы хаанчлалыг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.
Есүсийн хувирал
(Мт 17:1–8; Мк 9:2–8)
28Ийнхүү айлдсанаас хойш найм хоногийн дараа Тэр залбирахаар Петр, Иохан, Иаков нарыг дагуулан уул өөд гарлаа.#2Пт 1:17–18 29Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь гялалзсан цагаан өнгөтэй болсон байжээ. 30Үзэгтүн, хоёр хүн Түүнтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Елиа нар байв. 31Тэд цог жавхлантайгаар үзэгдэж байсан агаад Иерусалимд гүйцээгдэх Түүний үхлийн тухай ярьж байлаа. 32Нойрондоо дийлдээд байсан Петр болон нөхөд нь бүрэн сэргэхдээ Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав. 33Тэднийг Есүсээс холдон явахад Петр, Есүст
—Эзэнтэн, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа. 34Түүнийг ийнхүү хэлж байтал үүл гаран тэднийг бүрхээд авав. Тэд үүлэн дотор байхдаа ихэд айжээ. 35Тэгээд үүлнээс
—Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.#Иса 42:1; Мт 3:17, 12:18; Мк 1:11; Лк 3:22 36Тийнхүү дуун гарсны дараа Есүс ганцаараа байж байлаа. Тэд юу харснаа тэр өдрүүдэд хэнд ч хэлсэнгүй, чив чимээгүй байжээ.
Чөтгөр шүглэсэн хүүг эдгээв
(Мт 17:14–18; Мк 9:14–27)
37Маргааш нь тэднийг уулаас буун ирэхэд үй олон хүн Түүнийг тосон авав. 38Үзэгтүн, хурсан олны дундаас нэгэн хүн
—Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Тэр миний ганц хүү юм. 39Хар даа. Сүнс хүүг минь эзэмддэг. Тэр минь гэнэт орилж чарлаад, амнаасаа хөөс сахруулж, тарчлан байж арайхийн түүнээс салдаг. 40Энэ сүнсийг зайлуулаач гэж би Таны шавь нараас гуйхад тэд чадсангүй гэхэд 41Есүс тэдэнд
—Итгэлгүй, завхарсан үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ энд аваад ир гэв. 42Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зандраад, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв. 43Бурханы аугааг бүгд бахдан байлаа.
Есүс үхэлээ дахин зөгнөв
(Мт 17:2–23; Мк 9:30–32)
Есүсийн үйлдсэн бүхнийг хүн бүр гайхаж байхад Тэр шавь нартаа
44Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс энэ үгсийг чихэндээ шингээ гэв. 45Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс энэхүү үгийн тухай асуухаас ч эмээцгээв.
Хамгийн агуу нь
(Мт 18:1–5; Мк 9:33–37)
46Тэдний хэн нь хамгийн агуу болох тухай маргаан шавь нарын дунд өрнөв.#Лк 22:24 47Харин Есүс тэдний зүрхэн дэх бодол санааг мэдээд нэгэн хүүхдийг авч дэргэдээ зогсоон
48Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авч байгаа юм. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авч байгаа юм. Та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм гэж тэдэнд хэлэв.#Мт 10:40; Лк 10:16; Иох 13:20
Чөтгөр зайлуулагч
(Мк 9:38–40)
49Иохан
—Эзэн, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг хориглосон. Учир нь тэр бидэнтэй хамт дагалддаггүй шүү дээ гэхэд нь 50Есүс
—Түүнийг бүү хоригло. Хэн та нарыг үл эсэргүүцнэ, тэр та нарын талд гэв.
Самаричууд Есүсийг хүлээн авсангүй
51Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорилоо. 52Тэр зарлага элч нараа өмнөө илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар Самарийнхны сууринд очжээ. 53Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй. 54Шавь нар нь болох Иаков, Иохан нар үүнийг хараад Түүнд
—Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун#9:54 ЗБ-т Елиагийн хийсэн шиг гэж нэмсэн. гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд 55Тэр эргэн тэднийг зэмлэв.
[—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй. 56Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд бус, харин аврахаар ирсэн гэжээ.]#9:56 ЗБ-т хаалт дахь хэсэг байхгүй. Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав.
Есүсийн дагалдагч байх нь
(Мт 8:19–22)
57Тэднийг замд явж байтал нэгэн хүн Түүнд
—Би Таныг хаа ч явсан дагая гэв. 58Есүс түүнд
—Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гээд 59өөр нэгэнд
—Намайг дага гэхэд тэр
—Эзэн, эхлээд явж эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэжээ. 60Гэтэл Есүс
—Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв. 61Бас өөр нэг нь Түүнд
—Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд#1Ха 19:20 62харин Есүс
—Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.

Одоогоор Сонгогдсон:

Лук 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна