Иошуа 3

3
Иорданыг гатлав
1Ингээд Иошуа өглөө эртлэн босоод, Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иорданд ирээд, гатлахынхаа өмнө тэндээ хонов. 2Гурав хоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж 3ард олонд тушаан
—Та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та нар байрнаасаа хөдөлж араас нь даган явагтун. 4Харин авдар ба та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд дөхөж бүү ойртогтун. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв. 5Тэгээд Иошуа хүмүүст
—Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно гэв. 6Иошуа тахилч нартай ярин
—Гэрээний авдрыг дамнан өргөөд, хүмүүсийн өмнө голыг гатлан яв гэсэнд тэд гэрээний авдрыг дамнан өргөөд, ард олны түрүүнд явав. 7ЭЗЭН, Иошуад
—Би Мосетэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэдгээ тэдэнд мэдүүлэхийн тулд өнөөдөр Би чамайг бүх Израиль дахины нүдэн дээр өргөмжилж эхлэх болно. 8Харин чи гэрээний авдрыг дамнан яваа тахилч нарт тушаан “Та нар Иорданы усны зах уруу ороод Иордан дотор зогсож байгтун” гэж хэл гэлээ. 9Тэгээд Иошуа Израилийн хөвгүүдэд
—Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв. 10Иошуа хэлэхдээ
—Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын өмнө канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөн зайлуулах болно гэдгийг та нар мэдэх болно. 11Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна. 12Тиймд одоо Израилийн овог тусбүрээс нэг хүн байхаар арван хоёр хүнийг өөрсдөдөө сонгон ав. 13Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд тавигдан зогсмогц, Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв. 14Ингээд ард олон Иорданыг гатлахаар майхнаа буулган хөдөлж, гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа. 15(Ургац хураалтын өдрүүдэд Иордан бүх эргээ халин үерлэдэг байв.) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц, 16дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотын хавьд, нэлээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн эсрэг талаас гатлан гарав. 17Бүх Израиль, үндэстэн даяараа Иорданыг хуурай газраар гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иордан голын тэхий дунд хуурай газар дээр бат зогссоор байлаа.

Одоогоор Сонгогдсон:

Иошуа 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна