Исаиа 19

19
Египетийн тухай зөн
1Египетийн тухай зөн.
Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн
Египет уруу ирж явна.
Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч,
Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.#Иер 46:2–26; Езк 29:1—32:32
2“Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна.
Тэд ах дүүгийнхээ эсрэг,
Хөршийнхөө эсрэг,
Хот нь хотын эсрэг,
Хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.
3Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно.
Би зөвлөгөөг нь самууруулахад
Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.
4Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө.
Догшин хаан тэднийг захирна” гэж
Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.
5Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно.
6Гол мөрнүүд өмхийрөн
Египетийн сувгууд нарийсан ширгэнэ.
Зэгс, хулс нь хувхайрна.
7Нилийн эргийн, Нилийн аман дахь өвс ургамал,
Хагалсан талбай бүгд
Хатаж, хийсэн алга болно.
8Загасчид гашуудаж
Нил мөрөнд дэгээ хаягсад бүгд
Уй гашуу болж, усанд тор тавигсад гутарна.
9Маалинга боловсруулдаг хүмүүс,
Нарийн зотон нэхэгчид ч ичих болно.
10Багананууд нь бяцлагдан
Хөлсний бүх ажилчин сэтгэлээр унана.
11Зоаны ноёд үнэхээр мунхаг хүмүүс болов.
Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов.
“Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж
Чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?
12Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна?
Түг түмдийн ЭЗЭН
Египетийн эсрэг юу төлөвлөснийг
Тэд ойлгож мэдээд та нарт хэлэг.
13Зоаны ноёд мунхаглан үйлдэж,
Мемфисийн ноёд хууртагдлаа.
Овгуудынх нь булангийн чулуу бологсод
Египетийг төөрүүлэв.
14ЭЗЭН түүний дотор
Самуурлын сүнсийг цутгав.
Тэд Египетийн бүх үйлсийг нь
Бөөлжсөндөө хутгалдан согтуу хүн гуйвдаг шиг
Төөрөгдөлд оруулав.
15Толгой болон сүүл,
Далдуу модны мөчир зэгс зэрэг ямар ч ажил
Египетэд бүтэлгүй болно.
16Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэдний дээгүүр даллах түг түмдийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ. 17Иудагийн газар Египетэд айдас болно. Тэдний эсрэг төлөвлөж буй түг түмдийн ЭЗЭНий зорилгоос болж түүнийг дурссан хүн бүр айдаст автана.
Египет, Ассири бас Израиль ерөөгдөнө
18Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түг түмдийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Нарны хот хэмээн нэрлэгдэнэ. 19Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно. 20Энэ нь Египетийн нутагт түг түмдийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө. 21Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд нядлах тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд ам өчиг өгч түүнийгээ биелүүлнэ. 22ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭНд эргэвэл, Тэр тэдэнд хариулан тэднийг эдгээнэ. 23Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно. 24Тэр өдөр Израиль нь Египет, Ассирийн хамт гурав дахь болж, дэлхийн төв дэх ерөөл болно. 25Тэднийг ерөөсөн түг түмдийн ЭЗЭН “Ард түмэн минь болох Египет, мутрын минь бүтээл болох Ассири, өв минь болох Израиль ерөөлтэй” гэж айлдана.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 19: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна