Эхлэл 27

27
Исаак Иаковыг ерөөсөн нь
1Исаак хөгширч, нүд нь муудаад харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа
—Хүү минь! гэж дуудсанд хүү нь
—Би энд байна гэв. 2Исаак
—Харагтун, би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна. 3Тиймээс чи зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, надад ан агнаж, 4миний дуртай амтат хоолыг хийн авчирч надад идүүлэгтүн. Тэгвэл би үхэхээсээ өмнө чамайг зүрх сэтгэлээсээ ерөөе гэв.
5Исаакийг хүү Есавдаа үг хэлж байхад Ребека түүнийг нь сонсож байжээ. Есав ан агнахаар хээр тал уруу одов. 6Ребека хүү Иаковтаа
—Харагтун, ах Есавд чинь аавын чинь хэлсэн үгийг би сонслоо. 7“Надад ангийн мах авчирч, амттай хоол хийгтүн. Тэгвэл би идээд, үхэхээсээ өмнө чамайг ЭЗЭНий өмнө ерөөж өгье” гэсэн. 8Тиймээс хүү минь, одоо миний чамд тушаасныг болон хэлэхийг минь сонс! 9Чи мал дээрээ очоод хоёр сайн ишиг надад авчир. Би түүгээр аавын чинь дуртай амтат хоолыг хийж өгье. 10Чи түүнийг аавдаа аваачиж идүүлэн, үхэхийнх нь өмнө түүгээр ерөөлгө гэв. 11Иаков эх Ребекадаа
—Харагтун, миний ах Есав үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн. 12Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж харагдан, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв. 13Тэгэхэд эх нь түүнд
—Хүү минь, чамд ирэх хараал чинь надад оноогдох болтугай. Чи зөвхөн миний хэлснийг дагаж, явж ишигнүүдийг надад авчирч өг гэсэнд 14тэр явж, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай амтат хоолыг хийжээ. 15Ребека ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг гэрээсээ авчирч, бага хүү Иаковтаа өмсгөж, 16ишигний арьсаар гар болон хүзүүнийх нь гөлгөр хэсгийг ороож, 17өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковынхаа гар дээр тавив.
18Иаков эцэг дээрээ очиж
—Аав минь ээ! гэж дуудсанд аав нь
—Би энд байна. Хүү минь чи хэн бэ? гэв. 19Иаков, эцэгтээ
—Би таны ууган хүү Есав байна. Таны надад хэлсэн ёсоор би хийлээ. Та өндийж суугаад ангийн махнаас минь зооглоно уу. Тэгээд сэтгэлээсээ намайг ерөөнө үү! гэсэнд 20Исаак, хүүдээ
—Хүү минь, чи ангаа яаж ийм хурдан олоо вэ? гэсэнд тэр
—Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг өмнө минь тавьсан юм гэв. 21Исаак, Иаковт
—Хүү минь, надад ойрт! Би чамайг тэмтэрч үзээд миний ууган хүү Есав мөн үү, биш үү гэдгийг чинь мэдье гэв. 22Иаков эцэг Исаактаа ойртон очиход Исаак түүнийг тэмтэрч үзээд
—Дуу чинь Иаковын дуу атал гар чинь Есавын гар байна гээд 23түүний гар ах Есавынх шиг нь үсэрхэг байсан учир түүнийг ялгаж таньсангүй. Тэгээд түүнийг ерөөж, 24Исаак
—Чи үнэхээр миний хүү Есав мөн үү? гэсэнд Иаков
—Би мөн гэв. 25Исаак
—Надад түүнийгээ авчир! Би хүүгийнхээ ангийн махнаас идээд зүрх сэтгэлээсээ чамайг ерөөн адислая! гэхэд нь Иаков түүнд авчирч өгсөнд эцэг нь идэв. Тэгээд тэр бас түүнд дарс авчирч өгсөнд тэрээр уужээ. 26Тэгээд эцэг Исаак нь
—Хүү минь, надад ойртож ирээд намайг үнс гэхэд 27Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцасных нь үнэрийг үнэртээд, түүнийг ерөөн адислаж
—Харагтун, хүүгийн минь үнэр
ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.#Евр 11:20
28Тэнгэрийн шүүдэр,
Үржил шимт газар,
Арвин их үр тариа, дарсыг Бурхан чамд хайрлах болтугай!
29Ард олон чамд зарагдаж,
Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай!
Ах дүү нарынхаа эзэн нь чи болж,
Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай.
Хараагч чинь хараагдаж,
Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв.#Эх 12:3
Есав ерөөлөө алдав
30Исаак Иаковыг ерөөн адислаж дуусмагц Иаков эцэг Исаакийнхаа өмнөөс босон гарч явлаа. Дөнгөж дараа нь түүний ах Есав ангаасаа буцаж ирээд, 31амтат хоол хийж түүнийгээ эцэгтээ аваачин
—Эцэг минь ээ, өндийж суугаад хүүгийнхээ ангийн махнаас иднэ үү. Тэгээд сэтгэлээсээ намайг ерөөн адислагтун! гэж аавдаа хэлжээ. 32Эцэг Исаак нь
—Чи хэн бэ? гэхэд тэрээр
—Би таны хүү, таны ууган хүү Есав байна гэжээ. 33Исаак ихэд цочирдон
—Тэгвэл ан агнаад надад авчирч өгсөн тэр хүн хэн байсан бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөнө гэв. 34Есав эцгийнхээ үгийг сонсоод бархиран уйлж, эцэгтээ
—Эцэг минь, намайг ч бас ерөөн адислаач! гэж аавдаа хэлсэнд 35Исаак
—Дүү чинь залилж ирээд чиний ерөөлийг авчихжээ гэж хэлэв. 36Есав
—Түүнийг Иаков#27:36 Иаков: евр. “залилагч” гэснээс гаралтай. гэж нэрлэдэг нь оносон бус уу? Тэр намайг хоёр ч удаа мэхэллээ. Ууган хүү байх эрхийг минь авчихаад одоо бас надад ногдох ерөөлийг минь ч тэр авчихлаа гэж хэлээд
—Надад хүртээх ерөөл танд үлдээгүй гэж үү? гэсэнд#Эх 25:29–34 37Исаак, Есавд хариулан
—Харагтун, би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүүг чинь түүнд зарцаар өгч бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь, би чамайг одоо яах билээ гэв. 38Есав, эцэгтээ
—Эцэг минь ээ! Танд дахиад ганцхан ерөөл байхгүй гэж үү? Эцэг минь! Намайг ч бас ерөөн адислаач гэж хэлээд чанга дуугаар уйлав.#Евр 12:17 39Эцэг Исаак нь түүнд хандаж
—Харагтун, нутаг газар чинь үржил шимгүй,
Тэнгэрийн шүүдрээс хол байх юм.#Евр 11:20
40Чи илдээрээ амьдарч, дүүдээ зарагдах боловч
Эсэргүүцэн босох#27:40 эсвэл тэвчээр алдах цагтаа чи
Буулгыг нь эвдэж хүзүүнээсээ авч хаяна гэжээ.#Эх 36:8; 2Ха 8:20
Иаков зугтсан нь
41Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж Есав, Иаковыг үзэн ядав. “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж тэрээр зүрхэндээ хэлжээ. 42Ууган хүү Есавынх нь энэ үг Ребекад хүрэхэд бага хүү Иаковтаа хэл явуулж дуудан ирүүлээд
—Есав ах чинь чамайг ална гээд өөрийгөө тайтгаруулж байна. 43Тийм учраас одоо хүү минь, чи миний хэлэхийг сонс. Бос, Харанд байгаа миний ах Лабан дээр зугтан оч. 44Ахынхаа уурыг гартал хэдэн өдөр түүнтэй хамт бай. 45Ахын чинь уур гарч, түүнд хийсэн юмыг марттал нь тэндээ бай. Би чамд хэл явуулж, чамайг тэндээс авчрах болно. Яаж би та хоёрыгоо нэг өдөр алдчих билээ гэв.
46Ребека, Исаакт
—Хитчүүдийн охидоос болж амьдрал минь гутмаар боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн эсвэл хитчүүдийн охидоос эхнэр авбал надад амьд явах хэрэг юун билээ? гэв.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 27: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна