Езекиел 29

29
Египетийн эсрэг үгс
1Арав дахь оны аравдугаар сард, уг сарын арван хоёрны өдөр ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа#Иса 19:1–25; Иер 46:2–26
2Хүний хүү чи, Египетийн хаан Фараоны эсрэг нүүрээ чиглүүлэн түүний эсрэг мөн бүхэл Египетийн эсрэг эш үзүүлэн 3яригтун. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Египетийн хаан Фараон,
Харагтун, Би чиний эсрэг байна.
Чи голуудынхаа дунд хэвтээд,
“Миний гол минийх.
Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн том матар юм.
4Би эрүүнд чинь дэгээ зоож,
Голуудын чинь загасыг
Чиний хайрсанд наалдуулах болно.
Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөд
Чиний голуудын бүх загас
Чиний хайрсанд наалдах болно.
5Би чамайг мөн хамаг голын чинь бүх загасыг
Цөлд хаях болно.
Чи хээр талд унах болно.
Чамайг үл цуглуулан эс нийлүүлнэ.
Би чамайг газрын араатан,
Огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.
6Тэгэхэд Египетийн бүх оршин суугч
Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд
Хулсан таяг төдий л байв.#Иса 36:6
7Тэд чамайг гараараа тэврэхэд
Чи хугарч, тэдний бүх гарыг урав.
Тэд чамайг түшихэд
Чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав»
8Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирч, чамаас хүн, амьтныг таслах болно. 9Египетийн газар нь эзгүйрэн балгас болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Чи “Нил минийх. Би үүнийг бүтээв” гэж хэлсэн. 10Тиймээс харагтун, Би чиний эсрэг мөн чиний голын эсрэг байна. Би Египетийн газрыг Мигдолоос Сиене хүртэл бүр Етиопийн хил хүртэл бүрмөсөн балгас, эзгүйрэл болгоно. 11Хүний хөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно. 12Тиймээс Би Египетийн газрыг хоосорсон газруудын дунд хоосруулж, түүний хотууд ч дөчин жилийн турш балгас болсон хотуудын дунд хоосрох юм. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудад хөөж тараана. 13Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Дөчин жилийн эцэст Би египетчүүдийг тараагдсан ард түмнүүдийнх нь дундаас цуглуулах болно. 14Би Египетийн олзлогдогсдыг эргүүлж, уугуул нутаг Патрос газарт нь буцаана. Тэд тэнд дорд хаант улс болно. 15Тэр нь хаанчлалуудын хамгийн дорд болж, дахин хэзээ ч өөрийгөө үндэстнүүдийн дээр өргөмжлөхөө болино. Үндэстнүүдийг захирахгүй болтол нь Би тэднийг тийм жижиг болгох болно. 16Египетчүүд дахин хэзээ ч Израилийн гэрийн найдвар болохгүй бөгөөд тусламж эрэн тэдэн уруу эргэсэн өөрсдийнхөө хилэнцийг тэд санах болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэднэ»” гэв.
Вавилончууд Египетийг тононо
17Хорин долоо дахь оны нэгдүгээр сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж
18Хүний хүү, Вавилоны хаан Небухаднезар цэргээ Тирийн эсрэг нөр их хөдөлмөрлүүлэв. Толгой бүхэн халзан болж, мөр бүхэн шалбарав. Гэвч тэр өөрөө ч, цэрэг нь ч Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлс түүнээс авсангүй. 19Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би Вавилоны хаан Небухаднезарт Египетийн газрыг өгөх болно. Тэр түүний баялгийг авч одоод, юмсыг нь тонож олзыг нь булаах бөгөөд энэ нь цэргүүдийнх нь хөлс болно. 20Түүний үйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 21Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний дунд Би амыг чинь нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 29: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна