Гэтлэл 39

39
Тахилчийн өмсгөл
(Гэт 28:1–14)
1Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд ариун газарт үйлчлэхэд зориулан хөх, ягаан, час улаан даавуугаар сүлжмэл хувцас хийсэн бөгөөд Ааронд ч мөн ариун хувцас хийв.
2Тэгээд тэр алт болон хөх, ягаан, час улаан даавуу мөн нарийн нэхсэн маалингаар ефод хийв. 3Тэгээд хөх, ягаан, час улаан даавуу мөн нарийн нэхсэн маалингатай хамт сүлжиж уран хүний урлалыг хийхийн тулд тэд алтыг гөлөм болгож давтаад, нарийн утас зүсэж гаргав. 4Тэд ефодод холбогдох мөрөвчүүдийг хийсэн ба хоёр үзүүртэй нь холбожээ. 5Ефодын дээрх уран гоёмсог бүс нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгджээ. 6Тэд судалт гартаам чулуунуудыг засаж, алтан сууринд суулган, Израилийн хөвгүүдийн нэрсийг тамган сийлээсээр сийлэв. 7Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр үүнийг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуу болгож ефодын мөрөвчин дээр тогтоов.
8Тэрээр уран хүний урлал болох цээживчийг ефодыг урласны адилаар алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийв. 9Тэр нь дөрвөлжин цээживч бөгөөд давхарласан, урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм байв. 10Тэд түүн дээр дөрвөн эгнээ чулуу шигтгэв. Бадмаараг, молор, маргадтай эгнээ нь эхний эгнээ, 11хоёр дахь эгнээ нь оюу, индранил, очир алмаас, 12гурав дахь эгнээ нь нал, гартаам, ягаан болор, 13дөрөв дэх эгнээ нь биндэръяа, судалт гартаам, хаш бөгөөд эдгээрийг алтан хүрээтэй сууринд суулгажээ. 14Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байв. 15Тэд цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг урласан гинжүүд хийв. 16Тэд хоёр алтан суурь, хоёр алтан гархи хийгээд хоёр гархиа цээживчний хоёр үзүүрт холбов. 17Дараа нь тэд хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр гархинд холбов. 18Тэд оосрын хоёр үзүүрийг хоёр алтан сууринд холбож, ефодын урд талд мөрөвчтэй нь холбов. 19Тэд хоёр алтан гархи хийж, цээживчний хоёр үзүүрт, ефод уруу харсан дотоод ирмэгт нь хадав. 20Дараа нь тэд хоёр алтан гархи хийж, ефодын урд доод талд, мөрөвчнийх нь залгаасны ойролцоо, ефодын уран гоёмсог бүсний дээд талд хадлаа. 21Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд цээживчний гархинуудыг ефодын гархинуудтай хөх оосроор холбов. Ингэснээр цээживч нь ефодын уран гоёмсог бүсний дээр байж, ефодоос салахгүй болов.
22Дараа нь тэр ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр нэхэв. 23Нөмрөгийн оройн хэсгийн голд амсар гаргаж, сэмрүүлэхгүйн тулд хөө хуягны амсар шиг тойруулан нэхмэл урлалаар захлав. 24Тэд нөмрөгийн хормойд хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингаар анарууд хийв. 25Тэд бас шижир алтаар хонхнууд хийж, хонхнуудыг анаруудын завсраар, нөмрөгийн хормойг тойруулан хадав. 26Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор үйлчлэлд зориулсан нөмрөгийн хормойг тойруулан хонх ба анар, хонх ба анар зэргээр сөөлжүүлэн хийв. 27Тэд Аарон болон хөвгүүдэд нь нарийн нэхсэн маалингаар дотуур дээл нэхэн урлаж, 28нарийн нэхсэн маалингаар толгойн ороолт, толгойд өмсдөг толгойн боолтууд мөн нарийн сүлжсэн маалинган дотуур өмд, 29нэхмэлчний урлал болох хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалинган бүс зэргийг Мосед ЭЗЭНий тушаасны дагуу хийлээ. 30Тэгээд тэд шижир алтаар ариун титмийн пайзыг хийж, түүн дээр тамган сийлээсээр “ЭЗЭНд ариун” гэсэн бичээс сийлэв. 31Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд үүнийг толгойн ороолтны урд талд хөх уяагаар бэхлэв.
Асрын ажил гүйцэв
(Гэт 35:10–19)
32Ингэснээр уулзалтын майхан асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв. Тэд тийнхүү хийжээ. 33Тэд асрыг Мосед авчрав. Үүнд: майхан ба үүний бүх хэрэгсэл болох дэгээ, дүнз, хөндөл, багана болон углуурууд нь, 34улаанаар будсан хуцын арьсан бүтээлэг, далайн гахайн арьсан бүтээлэг болон дэлгэцийн хөшиг, 35гэрчлэлийн авдар ба үүний дамнуургууд мөн эвлэрүүлгийн таг, 36ширээ ба үүний бүх хэрэгсэл, тавиг талх, 37шижир алтан дэнлүүний суурь нь дэнлүүнүүдийн хамт, мөн үүний бүхий л хэрэгсэл ба гэрэлтүүлгийн тос, 38алтан тахилын ширээ, тослох тос, анхилуун утлага болон асрын үүдний дэлгэц, 39хүрэл тахилын ширээ, хүрэл тортойгоо, үүний дамнуурга ба бүх хэрэгсэл нь, угаагуур ба үүний суурь 40хашааны хөшигнүүд ба үүний багана, углуурууд, хашааны хаалганы дэлгэц, үүний оосор ба гадаснууд мөн асрын үйлчлэлд буюу уулзалтын майханд зориулсан бүх хэрэгсэл 41ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилчийн албанд үйлчлэхэд нь зориулж тахилч Ааронд болон хөвгүүдэд нь ариун хувцаснууд байв. 42Тийнхүү Израилийн хөвгүүд бүх ажлыг Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу хийжээ. 43Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 39: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна