2Шастир 29

29
Хезекиагийн хаанчлал
(2Ха 18:1–3)
1Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Абиа гэдэг байв. 2Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.
ЭЗЭНий өргөөг цэвэрлэв
3Хаанчлалынхаа анхдугаар оны нэг дэх сард ЭЗЭНий өргөөний хаалгуудыг тэрээр онгойлгож, тэдгээрийг засварлав. 4Тэрээр тахилч нар болон левичүүдийг ирүүлж, тэднийг зүүн талын талбайд цуглуулжээ. 5Тэгээд тэдэнд
—Левичүүд ээ, сонсогтун. Одоо өөрсдийгөө болон эцэг өвгөдийнхөө Бурхан, ЭЗЭНий өргөөг ариусгаж, бузар зүйлсийг ариун газраас гаргагтун. 6Учир нь бидний эцэг өвгөд үнэнч бус байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн, Түүнийг орхисон. Тэд ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан шилээ харуулсан билээ. 7Тэд бас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаад, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлага өргөсөнгүй, шатаалт тахилуудыг тахисангүй. 8Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалим дээр ирж, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосныг та нар нүдээрээ үзсэн билээ. 9Харагтун, үүнээс болж бидний өвөг эцгүүд илдэнд унацгааж, бидний хөвгүүд, охид болон эхнэрүүд олзлогдсон юм. 10Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа зүрхэнд минь байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз. 11Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай! Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэхээр сонгосон билээ. Та нар түүний үйлчлэгчид болж, түүнд утлага өргө гэв. 12Тэгээд левичүүд босоход кохатчуудын хөвгүүдээс Амасаигийн хүү Махат, Азариагийн хүү Иоел нар, Мерарийн хөвгүүдээс Абдийн хүү Киш, Иехаллелелийн хүү Азариа нар, гершончуудаас Зиммагийн хүү Иоа, Иоагийн хүү Еден нар, 13Елизафаны хөвгүүдээс Шимри, Иеиел нар, Асафын хөвгүүдээс Зехариа, Маттаниа нар, 14Хеманы хөвгүүдээс Иехиел, Шимеи нар, Иедутуны хөвгүүдээс Шемаиа, Уззиел нар байв. 15Тэд ах дүүсээ цуглуулан өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий үгийн дагуух хааны тушаалаар ЭЗЭНий өргөөг цэвэрлэхээр оржээ. 16Тахилч нар ЭЗЭНий өргөөний дотоод хэсгийг цэвэрлэхээр тийшээ орцгоогоод, ЭЗЭНий сүмээс олдсон бүх бузар зүйлийг тэд ЭЗЭНий өргөөний хашаанд гарган хаяв. Тэгээд левичүүд үүнийг Кидрон гуу уруу аваачихаар авав. 17Ариусгах ажлыг тэд нэгдүгээр сарын эхний өдөр эхэлсэн бөгөөд тэр сарынхаа найм дахь өдөр тэд ЭЗЭНий үүдний танхимд оржээ. Тэгээд тэд ЭЗЭНий өргөөг найман өдрийн дотор ариусгаж, нэгдүгээр сарын арван зургаа дахь өдөр дуусгав. 18Тэгээд тэд Хезекиа хаанд очиж
—Бид ЭЗЭНий өргөөг бүхэлд нь, шатаалт тахилын ширээг бүх л хэрэглэлийн хамт мөн тавиг талхны ширээг бүх л хэрэглэлийн хамт цэвэрлэлээ. 19Үүнээс гадна Ахаз хаан өөрийн хаанчлалын туршид итгэлгүйнхээ улмаас хэрэггүй гээд хаясан бүх хэрэглэлийг бид сэлбэн ариусгалаа. Харагтун, тэдгээр зүйлс ЭЗЭНий тахилын ширээний өмнө байна гэж айлтгав.
ЭЗЭНий өргөөнд мөргөл сэргэлээ
20Тэгээд Хезекиа хаан эртлэн босож, хотын ноёдыг цуглуулаад, ЭЗЭНий өргөө уруу явав. 21Хаанчлал, ариун газар болон Иудагийн төлөө нүглийн тахил болгохоор долоон бух, долоон хуц, долоон хурга, долоон ухныг тэд авчирчээ. Тэдгээрийг ЭЗЭНий тахилын ширээн дээр өргөхийг Аароны хөвгүүд болох тахилч нарт тэр тушаав. 22Ингээд тэд бухнуудыг нядалж, тахилч нар цуснаас нь авч, тахилын ширээн дээр цацав. Тэд бас хуцнуудыг нядалж, тэдгээрийн цусыг тахилын ширээн дээр цацав. Тэд бас хургануудыг нядалж, цусыг нь тахилын ширээн дээр цацав. 23Дараа нь тэд нүглийн тахилын ухнануудыг хаан болон чуулганы өмнө авчраад, тэд гараа дээр нь тавьцгаав. 24Тахилч нар ухнануудыг нядалж, бүх Израилийн төлөө эвлэрүүллийг гүйцэтгэхээр тэдгээрийн цусаар тахилын ширээг цэвэршүүлэв. Учир нь хаан бүх Израилийн төлөө шатаалт болон нүглийн тахилыг тушаасан билээ. 25Тэгээд Давид мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэй байрлуулав. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ. 26Левичүүд Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилч нар бүрээтэйгээ зогсоцгоов. 27Дараа нь тахилын ширээн дээр шатаалт тахил тахих тушаалыг Хезекиа буулгав. Шатаалт тахил эхэлмэгц, Израилийн хаан Давидын хөгжмийн зэмсгүүдийг дагалдуулсан бүрээнүүдийн хамт ЭЗЭНд өргөх дуу бас эхэллээ. 28Бүх чуулганыг мөргөж байх зуур дуучид бас дуулж, бүрээнүүд хүнгэнэж байв. Энэ бүхэн шатаалт тахилыг дуустал үргэлжилсэн юм. 29Шатаалт тахилыг өргөж гүйцэхэд хаан болон түүнтэй хамт байгч бүхэн сөгдөж, мөргөцгөөв. 30Үүнээс гадна Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалыг дуулахыг Хезекиа хаан ба түүний түшмэд левичүүдэд тушаажээ. Тэд магтаалыг баяр хөөртэй дуулж, доор бөхийн мөргөв. 31Дараа нь Хезекиа
—Та нар одоо өөрсдийгөө ЭЗЭНд ариусган өргөсөн учир ойртон ирж, нядлах тахил болон талархлын өргөлийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун гэв. Нядлах тахил болон талархлын өргөлийг чуулган авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилыг ч авчирчээ. 32Чуулганы өргөсөн шатаалт тахилын тоо толгой далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахил байлаа. 33Ариусгагдсан зүйлс зургаан зуун бух, гурван мянган хонь болжээ. 34Харин тахилч нар хэт цөөдөж, бүх шатаалт тахилын арьсыг өвчиж чадахгүй байлаа. Тиймээс ажил бүрэн дуустал мөн бусад тахилч нар өөрсдийгөө ариусгаж дуустал тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд тусалцгаав. Учир нь левичүүд өөрсдийгөө ариусгахдаа тахилч нарыг бодвол илүү мэрийлттэй хандсан байв. 35Тэнд их олон шатаалт тахилаас гадна эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүд бас байлаа. Ийнхүү ЭЗЭНий өргөөний үйлчлэл сэргэсэн билээ. 36Хүмүүст Бурхан юу бэлдсэн байсныг болон энэ бүх зүйл гэнэт өрнөснийг хараад Хезекиа болон бүх ард түмэн баярлан хөөрцгөөв.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 29: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна