1Петр 5

5
Бурханы сүргийг халамжлахуй
1Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгийн гэрч мөн илчлэгдэх алдрыг хуваалцагчийнхаа хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна. 2Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр,#Иох 21:15–17 3өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол. 4Тэгээд Тэргүүн Хоньчинг гарч ирэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна. 5Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг.#Сур 3:34 (LXX) 6Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.#Мт 23:12; Лк 14:11, 18:14 7Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая. 8Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. 9Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. 10Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно. 11Сүр хүч нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен.
Сүүлчийн мэндчилгээ ба залбирал
12Энэ нь Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэлд бат зогс.#Үйл 15:22,40 13Та нартай хамт сонгогдсон Вавилон#5:13 Вавилон: Илчлэл номд бичсэн шиг магадгүй Ромыг хэлж байгаа бололтой. дахь чуулган болоод мөн миний хүү Марк та нартай мэндчилж байна.#Үйл 12:12,25, 13:13, 15:37–39; Кол 4:10; Флм 24 14Хайрын үнсэлтээр бие биентэйгээ мэндчилэгтүн. Христ доторх та бүгдэд амар амгалан нь байх болтугай.

Одоогоор Сонгогдсон:

1Петр 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна