РОМ 4:2-12 - Бүх хувилбаруудыг харьцуулах
РОМ 4:2-12 АБ2004 (Ариун Библи, 2004)
Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. Сударт юу гэж байна вэ? «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвд тооцуулсан байна» гэдэг. Ажил хийдэг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог. Түүнчлэн Давид бас үйлсгүйгээр Бурханд зөв хэмээн тооцогдсон хүний ивээгдсэнийг ийнхүү хэлжээ. «Хууль бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй. Эзэн нүглийг нь огт үл тооцох тэр хүн ерөөлтэй» гэжээ. Тэгвэл энэ ерөөл нь хөвч хөндүүлсэн хүмүүст хамаатай юу? Эсвэл хөвч хөндүүлээгүй хүмүүст бас хамаатай юм уу? Учир нь бид «Итгэл нь Абрахамыг зөвд тооцуулсан» гэж ярьдаг. Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хөвч хөндүүлсэн байхдаа юм уу, эсвэл хөвч хөндүүлээгүй байхдаа юм уу? Хөвч хөндүүлсэн байхдаа биш, хөвч хөндүүлээгүй байхдаа юм. Абрахам хөвч хөндүүлээгүй үедээ итгэлийн зөвийн тамгаар хөвч хөндөх ёслолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хөвч хөндүүлэлгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ. Мөн хөвч хөндүүлээд зогсохгүй, бас хөвч хөндүүлээгүй байхад нь бидний эцэг Абрахамд байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хүмүүст хөвч хөндөлтийн эцэг болов.
РОМ 4:2-12 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)
Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. Бичвэр юу гэдэг вэ? “Абрахам, Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон” гэдэг. Ажилладаг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогдоно. Харин үйлсгүй хүний хувьд итгэл сүсэггүй хүнийг зөвтгөдөг Түүнд итгэвэл түүний итгэл нь зөвд тооцогддог. Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний ивээгдсэнийг Давид “Ёс бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан нэгэн ерөөлтэй. Нүглийг нь Эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй” гэжээ. Тэгвэл энэ ерөөл нь хозлуулсан хүмүүст хамаатай юу? Эсвэл хозлуулаагүй хүмүүст хамаатай юу? Учир нь бид “Абрахамыг итгэлээр нь зөвд тооцсон” гэж ярьдаг. Тийм бол яаж тийнхүү тооцуулсан юм бэ? Хозлуулсны дараа юу, эсвэл хозлуулахын өмнө үү? Хозлуулсны дараа бус, хозлуулахаас өмнө юм. Абрахам хозлуулаагүй байх үедээ итгэлийнхээ зөвийн тамгаар хозлолын тэмдгийг хүлээн авчээ. Ингэсэн нь түүнийг хозлуулалгүй итгэдэг бүх хүний эцэг болгож, тэднийг зөвд тооцуулахын тулд ажээ. Мөн бидний эцэг Абрахамд хозлолоос нь өмнө байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хозлуулсан хүмүүст тэрээр хозлолын эцэг болсон.