YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 29

29
1Олон зэмлүүлэвч хүзүү нь хөшсөн хэвээр байгч хүн
Нэг л өдөр эдгэшгүйгээр ойчих болно.
2Зөв шударга хүн дэвжих тусам ард түмэн баяр жаргалтай байдаг.
Харин хар санаатай хүн удирдваас ард олон халаглана.
3Мэргэн ухаанд дуртай хүн эцгээ баярлуулдаг.
Харин садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барж дуусна.
4Шударга ёсоор дамжуулан хаан улс орныг тогтворжуулдаг.
Харин хээл хахууль авдаг хүн улс орноо нураадаг.
5Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг.
6Хорон муу хүн нүгэл хилэнцдээ урхидуулдаг.
Харин зөв шударга хүн дуулж баясдаг.
7Зөв шударга хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг бол
Хар санаатай хүн үүнийг үл ойлгоно.
8Жигшигчид хотод үймээн самуун дэгдээдэг.
Харин мэргэн хүмүүс уур хилэнг зайлуулна.
9Мэргэн хүн мунхагтай маргаж байхад
Мунхаг нь хилэгнэдэг, эсвэл элэглэдэг бөгөөд зогсохгүй.
10Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг бол
Цэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина.
11Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна.
Харин мэргэн хүн уурыг барьдаг.
12Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаас
Бүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.
13Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэл
ЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.
14Хэрэв хаан ядуусыг шударгаар шүүх аваас хаан ширээ нь мөнхөд тогтоно.
15Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө.
Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна.
16Хар санаатай хүмүүс олшрох тусам гэм нүгэл ихэснэ.
Харин зөв шударга хүн тэдний сүйрлийг үзнэ.
17Хүүгээ сахилгажуул.
Тэгвээс хүү чинь чамд тайвшралыг өгөх агаад
Сэтгэлийг чинь баярлуулах болно.
18Алсын хараа байхгүй бол ард түмэн дэг журамгүй байна.
Харин хуулийг сахигч нь жаргалтай билээ.
19Зарцыг зөвхөн үгээрээ зааварлаж болохгүй.
Учир нь тэрээр ойлгосон ч хариу үйлдэл хийхгүй.
20Хэлэх үгэндээ яаруу нэгнийг чи хардаг биз ээ?
Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү засрах найдвар бий.
21Хэрэв хүн зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол
Эцэст нь тэр түүний хүү болчих вий.
22Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө.
Түргэн зантай хүн гэм нүгэлд автана.
23Бардам зан нь хүнийг дорд болгоно.
Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг.
24Хулгайчтай хамсагч болбоос амиа үзэн ядаж байгаа хэрэг юм.
Тэр хараал зүхлийг сонсдог ч мэдүүлэг эс өгнө.
25Хүний айдас болбоос занга юм.
Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө.
26Олон хүн удирдагчийн ивээлд багтахыг зорьдог.
Харин хүмүүнд хэрэгтэй зөв шударга ёс ЭЗЭНээс ирдэг.
27Шударга бус хүн зөв шударга хүнд жигшигдэнэ.
Мөн шулуун шударгаар алхдаг хүн ч хар санаатанд жигшигддэг.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy