YouVersion Logo
Search Icon

ЭХЛЭЛ 2

2
1Ийнхүү тэнгэр газар, бүх юмс бүрэлдэн тогтжээ. 2Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ. 3Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ.
4ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тэр цагт тэнгэр газар бүтээгдсэн нь ийн болой. 5ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар хагалах хүн байгаагүй учир хээр талд мод бут хараахан байхгүй, тариалах талбайд ургамал ногоо арай ургаагүй байжээ. 6Газар дэлхийгээс манан будан хөөрч, бүх газрын гадаргууг услав. 7ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ. 8ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ. 9ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ.
10Еденээс эх авсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс бас дөрвөн мөрөн эх аван салжээ. 11Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө. 12Тэр нутгийн алт нь шижир, тэнд бделлиум хэмээх сувд хийгээд оникс байдаг байжээ. 13Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн нутгийг дайран өнгөрнө. 14Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөнг Евфрат гэдэг юм. 15ЭЗЭН Бурхан хүнийг аваад, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав. 16Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв.
—Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. 17Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав.
18ЭЗЭН Бурхан
—Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ. 19ЭЗЭН Бурхан шороогоор хээр талын янз бүрийн зэрлэг араатан, огторгуйн янз бүрийн жигүүртэн шувуудыг бүтээж, Адам тэдгээрийг хэрхэн яаж нэрлэхийг үзэхээр тэднийг түүнд авчирч өгчээ. Тэгээд Адамын амьтан бүрд өгсөн нэр нь тэдний нэр болжээ. 20Тэгээд Адам бүх мал адгуус, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд, хээр талын бүх зэрлэг араатанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. 21ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ. 22ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв. 23Адам
—Энэ бол яснаас минь авсан яс,
Махнаас минь тасалсан мах бөгөөд
Түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан тул
Эмэгтэй гэж нэрлэе хэмээн хэлжээ.
24Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу. 25Хүн ба түүний эхнэр хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд огт ичсэнгүй.

Currently Selected:

ЭХЛЭЛ 2: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy