YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 23

23
1Захирагчийн хамт зоог барихаар суухдаа өөрийнхөө өмнө юу байгааг сайтар ажигла.
2Зооглох их хүслэн байгаа бол хоолойндоо хутга тулга.
3Түүний амттаныг бүү хүс.
Учир нь тэр хоол нь хуурмаг юм.
4Баян болохын тулд нойр хоолгүй зүтгэх хэрэггүй.
Энэ бодлоо орхи.
5Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно.
Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөд
Тэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу.
6Харамч хүний талхнаас бүү ид, амттаныг нь бүү хүс.
7Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм.
“Ид! Уу!” гэж тэр хүн хэлдэг боловч
Зүрх сэтгэл нь чамаас хол байдаг юм.
8Чи идсэн үмх хоолоо бөөлжиж гаргах болно.
Найрсаг үгс чинь ч талаар өнгөрнө.
9Мунхгийн чихэнд юм дуулгаад хэрэггүй.
Учир нь тэрээр мэргэн үгсийг чинь огт хайхрахгүй.
10Урьдын хил заагаа бүү өөрчил.
Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно.
11Учир нь тэдний Золигч үлэмж хүчтэй.
Тэрээр тэдний өмнөөс чамайг эсэргүүцнэ.
12Зүрх сэтгэлээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул.
13Хүүхдээсээ сахилга батыг холдуулж болохгүй.
Чи түүнийг саваагаар жанчлаа гээд хүүхэд чинь үхчихгүй.
14Чи хүүхдэдээ савааны амт үзүүлж бай.
Түүний сүнсийг Үхэгсдийн орноос аварна.
15Хүү минь, хэрэв зүрх чинь мэргэн байвал
Миний зүрх ч гэсэн баяр жаргалтай байх болно.
16Мөн уруул чинь зөв зүйлсийг ярихад,
Би үнэхээр баярлах болно.
17Чиний зүрх нүгэлтнүүдэд бүү атаархаг.
Харин ЭЗЭНээс ямагт эмээж амьдар.
18Ирээдүй гэж үнэхээр бий.
Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй билээ.
19Хүү минь, сонсоод, мэргэн байгтун.
Зүрхээ зөв зам дээр байлга.
20Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь.
21Учир нь дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөд
Нойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно.
22Төрсөн эцгээ сонс.
Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой.
23Үнэнийг худалдаж авсугай.
Харин зарж үл болно.
Тэрчлэн мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг олж ав.
24Зөв шударга хүний эцэг үнэнхүү баярлана.
Мэргэн хүүг олж авсан хүн түүндээ жаргана.
25Эцэг, эх чинь жаргалыг эдлэх болтугай.
Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй байх болтугай.
26Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг.
Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг.
27Учир нь садар самуун эм болбоос гүн цооног бөгөөд
Завхай эм болбоос нарийн худаг аж.
28Тэр дээрэмчин мэт хэн нэгнийг отож хүмүүсийн дундах итгэлгүй хүмүүсийг олшруулдаг.
29Хэн золгүй вэ?
Хэн зовиурлана вэ?
Хэн хэрүүл хийнэ вэ?
Хэн гомдоно вэ?
Хэн шалтгаангүйгээр шарх сорви олов?
Хэн улаан нүдлэв?
30Тэд бол дарстай зууралдагсад ба холимог дарсыг амтлахаар одогсод юм.
31Улаан байхад нь,
Аяган дотор хөөсрөн шуугиж байхад нь,
Доошоо зөөлөн урсаж байхад нь,
Дарс уруу бүү хар.
32Эцэст нь тэр хорт могой шиг хатгах болно.
33Нүд чинь элдвийн юм үзэж, ухаан санаа чинь самуурна.
34Чи тэнгисийн мандал дээр хэвтэж байгаа, эсвэл
Усан онгоцны шургаагны үзүүр дээр нойрсож байгаа хүн шиг байх болно.
35Тийнхүү чи
“Тэд намайг зодож л байсан.
Би бэртсэнгүй. Нүдээд л байсан.
Би мэдээгүй. Би хэзээ сэрэх бол?
Дахиад уух юмсан” гэж хэлнэ.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy