YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 15

15
1Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна.
Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө.
2Мэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг бол
Мунхаг ам мунхаглал урсгадаг.
3ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба
Хорон мууг хийгээд сайныг хардаг.
4Анагаадаг хэл амийн мод юм.
Харин хазааргүй хэл сүнсийг бусниулдаг.
5Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог.
Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн.
6Шударга зөв хүний гэрт үлэмж их баялаг байдаг.
Харин хорон санаатны орлого гай зовлон билээ.
7Мэргэн хүний уруул мэдлэгийг дэлгэрүүлдэг бол
Мунхгуудын зүрх тийм биш юм.
8Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм.
Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.
9Хар санаатны зам ЭЗЭНий хувьд жигшүүртэй боловч
Шударга зөвийн араас явагчдыг Тэр хайрладаг.
10Хатуу шийтгэл замаасаа гажигч нарт зориулагджээ.
Зэмлэлийг үзэн ядагч нь үхнэ.
11Үхэгсдийн орон хийгээд Сүйрэл ЭЗЭНий өмнө ил байдаг бол
Хүмүүсийн зүрх сэтгэл бүр ч ил байх бус уу?
12Басамжлагч нэгэн өөрийг нь зэмлэгчийг хайрладаггүй.
Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй.
13Зүрх жаргалтай бол нүүр царай хөгжилтэй.
Харин зүрх гутрах үед сүнс эмтрэнэ.
14Гярхай хүний оюун ухаан мэдлэгийг эрж хайдаг.
Харин мунхгуудын ам мунхаглалыг л зооглодог.
15Зовж шаналсан хүмүүсийн бүх л өдрүүд муу муухай.
Харин хэний зүрх хөгжилтэй байна,
Түүнд найр наадам үл тасарна.
16Асар их хөрөнгөтэй сэтгэл түгшиж сууснаас,
Бага сага юмтай ЭЗЭНээс эмээж суусан нь хавьгүй дээр.
17Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас,
Хайр буй газрын өвсөн хоол нь дээр.
18Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол
Уурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг.
19Залхуугийн зам үүргэнэн хашаа мэт аж.
Шударга хүмүүсийн зам шулуун аж.
20Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг.
Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг.
21Ухаанаар тарчиг хүнд мунхаг үйл үйлдэх нь баяр хөөр болдог бол
Ухаарагч хүн цэх замаар явдаг.
22Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ.
Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй.
23Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог.
Цагаа олсон үг юутай сайхан бэ!
24Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм.
Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм.
25ЭЗЭН бардам хүний гэрийг нураана.
Харин бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтоож өгнө.
26Хорон муу төлөвлөгөөнүүд ЭЗЭНий хувьд жигшүүртэй бол
Зөв үгс Түүнд тааламжтай.
27Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг.
Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай.
28Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг.
Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө.
29ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлаа
Шударга зөв хүний залбирлыг сонсдог.
30Дулаахан харц зүрхийг баярлуулдаг.
Сайн мэдээ ясанд эм болдог.
31Хэний чих амь өгөгч зэмлэлийг сонсоно,
Тэр хүн мэргэдийн дунд амьдарна.
32Хэн сахилгыг үл ойшооно,
Тэр өөрийгөө жигшиж байгаа хэрэг.
Харин зэмлэлийг сонсдог хүн ухааныг олж авна.
33ЭЗЭНээс эмээхүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг.
Даруу зан нь алдар хүндийн өмнө ирнэ.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy