YouVersion Logo
Search Icon

МАТАЙ 27

27
1Өглөө эрт ахлагч тахилч нар болон олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөөд, 2Түүнийг хүлж, авч яваад захирагч Пилатад тушаав.
3Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч,
4Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд
—Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв. 5Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ. 6Ахлах тахилч нар мөнгөн зооснуудыг авч,
—Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв. 7Тэд зөвлөлдөөд тэр мөнгөөр Ваарчны Талбайг худалдан авч, харийн хүмүүсийг оршуулдаг газар болгов. 8Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл «Цуст Талбай» хэмээгдэх болжээ. 9Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ болох гучин мөнгөн зоосыг тэд авч, 10Эзэний надад айлдсан ёсоор Ваарчны Талбайг худалдан авав» гэж хэлсэн байжээ.
11Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс
—Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс
—Та ч хэлж байна гэв. 12Ахлах тахилч нар болон ахлагчид Есүсийг буруутгахад Тэр юу ч хариулсангүй. 13Пилат Түүнд
—Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд 14Тэр түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ. 15Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг заншилтай байв. 16Тэр үед тэд Бараб гэгч зард гарсан хоригдлыг хорьсон байлаа. 17Тэгээд ард олныг цуглах үед Пилат тэдэнд
—Та нар хэнийг суллуулахыг надаас хүсэж байна? Барабыг уу, эсвэл Христ гэгдэх Есүсийг үү? гэлээ. 18Учир нь Түүнийг тэд атаархсандаа барьж өгснийг тэр мэдэж байлаа. 19Пилатыг шүүгчийн суудалд сууж байх үед эхнэр нь түүнд
—Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ. 20Харин ахлах тахилч нар болоод ахлагчид олон түмнийг Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгөхийг ятгасан байлаа. 21Захирагч тэдэнд
—Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд
—Барабыг гэцгээлээ. 22Тэгтэл Пилат
—Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд тэд бүгд л
—Түүнийг цовдол гэцгээв. 23Пилат
—Яагаад, Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуусанд харин тэд бүгд
—Түүнийг цовдол гэж улам чанга хашхирч байлаа. 24Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан
—Би энэ Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. 25Тэгтэл бүх хүмүүс
—Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв. 26Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ.
27Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав. 28Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, 29үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж,
—Иудейчүүдийн Хаанд мэндчилье хэмээн дооглон, 30Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо. 31Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа.
32Тэд гарч явахдаа Курений Симон гэгчтэй тааралдаж түүнийг албадаж Есүсийн загалмайг үүрүүлэв.
33Тэгээд тэд Гавлын Газар гэсэн утгатай Голгота гэдэг газарт хүрч ирээд 34цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр хэдийгээр амссан ч уухгүй байв. 35Тэд Түүнийг цовдолсны дараа, хоорондоо шодон хувцсыг нь хувааж аваад, 36суун тэндээ Түүнийг харгалзаж байв. 37Тэд Түүний толгойн дээр «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайзыг хадлаа. 38Тэр үед Түүнтэй хамт хоёр дээрэмчин цовдлуулж, нэг нь баруун талд, нөгөө нь зүүн талд байлаа. 39Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн, Түүнийг доромжилж
40Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг хүн Чи Өөрийгөө авраач. Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол, загалмайнаасаа буугаач гэцгээж байлаа. 41Түүнчлэн ахлагч тахилч нар ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт Түүнийг элэглэн дооглож,
42Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид Түүнд итгэнэ. 43Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь “Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ гэцгээв. 44Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг мөн доромжилж байлаа.
45Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа. 46Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар
—Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж. 47Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь үүнийг сонсоод,
—Энэ хүн Елиаг дуудаж байна гэв. 48Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсанд торгоон, Түүнд уулгахаар өглөө. 49Харин бусад нь
—Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв. 50Есүс дахин чангаар хашхираад Өөрийн сүнсээ гаргажээ. 51Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуу урагдаж, газар хөдлөн, хад чулуу бут хагаран, 52булш нээгдэн, нойрссон олон ариун хүмүүсийн биес амилуулагдаж, 53Есүсийн амилалтын дараа булшнуудаасаа гарч ариун хотод орж, олон хүнд харагджээ. 54Есүсийг харгалзаж байсан зуутын дарга болон харуулууд газар хөдлөлт болон болж буй бүхнийг хараад ихэд айн,
—Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв. 55Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэйчүүд тэнд холоос харж байлаа. 56Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа, мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв.
57Орой нь Ариматаас Иосеф гэгч нэгэн баян хүн хүрч ирлээ. Тэр мөн өөрөө Есүсийн шавь болсон ажээ. 58Энэ хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат өгөхийг тушаав. 59Иосеф цогцсыг аваад, цэвэр маалинган даавуунд ороож, 60хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны амыг таглаад явжээ. 61Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг талд сууж байв.
62Дараа өдөр нь бэлтгэлийн өдрийн дараахь өдөр байсан бөгөөд ахлах тахилч нар болоод фарисайчууд Пилатынд цуглаж,
63Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна. 64Тиймээс шавь нар нь ирж Түүнийг хулгайлан аваад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Хэрэв тэгэхгүй бол сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ. 65Пилат тэдэнд,
—Харуул аваад яв, хэрхэн хамгаалахаа та нар өөрсдөө мэдэж байгаа биз ээ гэв. 66Тэд очоод хадан дээр лац тавьж, харуул гарган булшийг манацгаав.

Currently Selected:

МАТАЙ 27: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy