YouVersion Logo
Search Icon

ГАШУУДАЛ 1

1
1Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ?
Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ!
Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!
2Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна.
Бүх амрагийнх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй.
Түүний бүх найз түүнээс урвацгаажээ.
Тэд түүний дайснууд болцгоожээ.
3Зовлон дор, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов.
Тэрээр үндэстнүүдийн дунд оршдог боловч
амралтыг эс олжээ.
Түүний бүх мөшгөн хөөгчид зовлон шаналлын дунд түүнийг гүйцэн барив.
4Тогтоогдсон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд гашуудаж байна.
Түүний бүх дааман хаалга эзгүйрчээ.
Түүний тахилч нар ёолж, онгон охид нь зовж, тэрээр өөрөө ч гашуудаж байна.
5Түүний өстнүүд эзэд нь болж, түүний дайснууд хөгжин дэвшдэг.
Учир нь түүний гэм буруу тоо томшгүйгээс болж ЭЗЭН түүнийг уй гашуутай болгожээ.
Түүний бяцхан хүүхдүүд өстний өмнө олзлогдогсод мэт оджээ.
6Сионы охиноос бүх сүр жавхлан нь салжээ.
Түүний хан хөвгүүд бэлчээрээ олоогүй буга мэт болов.
Тэд мөшгөгчийн өмнө хүч тамиргүйгээр зугтав.
7Зовлон ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим урьдын өдрүүдэд байсан өөрийн бүх үнэт зүйлийг дурсан санагалзана.
Ард түмэн өстний гарт унасан ч хэн ч түүнд туслаагүй.
Өстнүүд түүнийг харж, эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.
8Иерусалим үлэмж нүгэл үйлдсэн, тиймээс ч тэрээр бузар зүйл болжээ.
Түүнийг хүндэтгэж байсан бүхэн түүнийг жигшдэг.
Учир нь тэд түүний нүцгэн байгааг харжээ.
Тэр өөрөө ч хүртэл ёолж, цаашаа эргэдэг.
9Түүний бузар булай нь банзал дотор нь байлаа.
Тэр өөрийн ирээдүйгээ эргэцүүлсэнгүй.
Тиймээс тэрээр гайхмаар унажээ.
Түүнд тайтгаруулагч ч байхгүй.
“Дайсан өөрийгөө дөвийлгөсөн учраас, ЭЗЭН, миний зовлонг хараач!”.
10Түүний бүх үнэт зүйлсийн дээр өстөн гараа сунгав.
Учир нь Таны цуглаан уруу нэвтрэх ёсгүй гэж Таны тушаасан үндэстнүүд түүний ариун газар уруу нэвтрэхийг тэрээр харжээ.
11Түүний бүх хүмүүс талх хайн ёолно.
Амиудаа өөрсдөө сэргээхээр тэд үнэт зүйлсээ хоол хүнснээс өгчээ.
“Хар. ЭЗЭН, үзэгтүн. Учир нь би жигшигдэв.
12Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү?
Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон,
миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.
13Өндөр дээрээс Тэрээр миний яснууд уруу гал илгээсэн бөгөөд гал тэднийг хөмрөв.
Тэрээр хөлд минь тор хаяжээ.
Тэр намайг гэдрэг харуулжээ.
Тэр намайг эзгүйрүүлж, бүх л өдөржин өвчлүүлэв.
14Миний гэм буруу буулга болжээ.
Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо.
Тэд хүзүүн дээр минь иржээ.
Тэрээр хүчийг минь доройтуулав.
Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.
15Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ.
Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав.
Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.
16Эдгээр зүйлсийн төлөө би уйлдаг.
Нүд минь усаар урсана.
Учир нь миний сэтгэлийг сэргээдэг нэгэн, тайтгаруулагч надаас алс хол байна.
Дайсан ноёрхсоны улмаас хүүхдүүд минь хоосров”.
17Сион гараа сунгана.
Түүнийг тайтгаруулах хэн ч алга.
Эргэн тойронд нь байгчид түүний өстнүүд байх болно хэмээн Иаковын тухайд ЭЗЭН тушаасан билээ.
Иерусалим тэдний дунд бузар зүйл болжээ.
18“ЭЗЭН бол зөв шударга.
Учир нь би Түүний тушаалуудын эсрэг тэрсэлжээ.
Бүх хүмүүс ээ, одоо сонсож, өвдөлтийг минь харагтун.
Онгон охид болон залуус минь олзлогдон оджээ.
19Би амрагуудаа дуудсан, тэд намайг мэхлэв.
Миний тахилч нар болон миний ахмадууд өөрсдийн хүч тамирыг сэргээхээр хоол хүнсийг хайх зуураа хот дотор мөхөв.
20Хараач, ЭЗЭН. Учир нь би зовлон шаналал дотор байна.
Миний сүнс ихэд зовж байна.
Би маш их тэрслүү байснаас болж зүрх минь дотроо эргэн хөмрөв.
Гудамжинд илд хяддаг.
Гэр дотор ч үхэл мэт буюу.
21Намайг ёолохыг тэд сонссон ч
Намайг тайтгаруулах хэн ч алга.
Бүх дайснууд минь миний гай гамшгийн талаар сонсоод,
Таны үйлдсэнд тэд баярлаж байна.
Тэдний надтай адил болох өдрийг Та тунхагласан ёсоороо авчраасай.
22Тэдний бүх хорон муу нь Таны өмнө ирэг.
Миний бүх гэм буруугийн төлөө надад хандсан шигээ Та тэдэнд ч мөн тэгж хандаач.
Учир нь ёолох дуу минь их, зүрх минь дорой байна”.

Currently Selected:

ГАШУУДАЛ 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy