YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 23

23
1Чи худал мэдүүлэг бүү өг. Хорон муу хүнтэй гар барин хуурамч гэрч болж болохгүй. 2Олныг дагалдан мууг үйлдэж болохгүй. Шударга ёсыг завхруулахын тулд олныг дагаж шүүхэд бүү гэрчил. 3Шүүх дээр ядуу хүнийг бүү ялгаварла.
4Хэрэв дайсныхаа төөрсөн үхэр, илжигтэй тааралдвал, түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг. 5Хэрэв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орхи. Чи тэр хүнд заавал тусалж, илжгийг нь чөлөөл. 6Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул. 7Худал заргаас хол байж, гэмгүй эсвэл зөвт хүнийг бүү ал. Учир нь Би гэмтэнг зөвтгөн цагаатгахгүй. 8Чи хахууль бүү ав. Учир нь хахууль хүний харааг сохолж, шударга хүний үгийг гуйвуулна. 9Чи харь хүнийг бүү дарла. Та нар ч Египет газарт харийн хүмүүс байсан учраас харь хүний сэтгэлийг мэднэ.
10Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа. 11Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээсэн аливаа зүйлсийг нь хээрийн амьтад идэг. Өөрийн усан үзмийн болон чидун модны цэцэрлэгт ч ийнхүү үйлд. 12Зургаан өдөр чи ажлаа хийж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүн сэргэг. 13Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь. Өөр бурхдын нэрийг дурьдаж ч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.
14Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ. 15Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй. 16Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи өөрийн хөдөлмөрийн үр жимсийг хураахдаа, жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг сахь. 17Жилд гурван удаа танай бүх эрчүүд Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.
18Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул. 19Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.
20Үзэгтүн, замд чамайг хамгаалахын тулд, Миний бэлтгэсэн газар уруу чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна. 21Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь дуулгавартай дага. Түүний өмнөөс бүү тэрсэл. Учир нь Миний нэр түүний дотор байгаа тул тэр чиний хилэнцийг уучлахгүй. 22Харин хэрэв чи түүний дуу хоолойг үнэхээр дуулгавартай дагаж, Миний айлдсан бүхнийг үйлдвэл, Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно. 23Миний тэнгэр элч чиний өмнө явж, чамайг аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно. 24Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал. 25Чи өөрийн Бурхан ЭЗЭНд үйлчил. Тэгвэл Тэр чиний талх, усыг ерөөх болно. Би та нарын дундаас өвчин эмгэгийг зайлуулна. 26Чиний газарт дутуу төрдөг, эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би наслах ёстой насыг чинь наслуулна. 27Би Өөрийн аймшгийг чиний өмнө явуулж, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унаган, бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно. 28Чиний өмнөөс хивичүүд, канаанчууд, хитчүүдийг зайлуулахын тулд Би чиний өмнө хэдгэнүүдийг явуулна. 29Би ганцхан жилийн дотор тэднийг чиний өмнөөс зайлуулахгүй. Учир нь газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний хувьд олшрох вий. 30Чи өсөн үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг чиний өмнөөс бага багаар зайлуулна. 31Би чиний хил хязгаарыг Улаан тэнгисээс филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би чиний гарт тушаана. Чи өөрийнхөө өмнөөс тэднийг зайлуулна. 32Чи тэдэнтэй, эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй. 33Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвэл тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл, энэ нь үнэхээр чамд урхи болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy