YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 5

5
1Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд хандаж хэлсэн нь
—Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй хууль зарлигийг сонсогтун. Та нар түүнийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрд! 2ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ. 3ЭЗЭН энэ гэрээгээ бидний өвөг дээдэстэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ. 4ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ. 5Та нар галаас айгаад, уул өөд гарахгүй байсан учир тэр үед би ЭЗЭНий үгийг та нарт тунхаглахаар ЭЗЭН болон та нарын хооронд зогсож байсан. ЭЗЭН
6“Би бол чамайг боолчлолын гэрээс Египетийн нутгаас гаргаж авсан чиний Бурхан ЭЗЭН байна.
7Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.
8Чи өөртөө зориулан шүтээн, эсвэл дээд тэнгэр, доод газар, газар доорх усанд байдаг ямар ч юмны дүрсийг бүү хий. 9Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг. 10Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.
11Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.
12ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор амралтын өдрийг ариунаар сахихын тулд түүнийг мөрдөгтүн. 13Чи зургаан өдөр хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. 14Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Чи зарц, шивэгчнээ мөн өөрийнхөө адил амраа. 15Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.
16ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.
17Чи хүн бүү ал.
18Чи бүү завхайр.
19Чи бүү хулгайл.
20Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
21Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, түүний газар, түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шуна” гэж айлдсан билээ.
22ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн. 23Уул галд дүрэлзэн шатаж байхад та нар харанхуйн дундаас гарах дуу хоолойг сонсон, танай овгуудын тэргүүнүүд, ахмадууд бүгдээрээ над уруу хүрч ирээд 24“Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, агуу чадлаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьдран байгааг бид өнөөдөр үзлээ. 25Тэгэхээр бид одоо юунд үхэх ёстой юм бэ? Энэ их гал биднийг залгина. Хэрэв бид ЭЗЭН Бурханыхаа дууг цаашид сонсвол үхнэ. 26Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн бие махбодтой хүн хэн байна вэ? 27Та өөрөө очиж, манай Бурхан ЭЗЭНий айлдах бүхнийг сонсоод, ЭЗЭН Бурханыхаа танд айлдсан бүгдийг бидэнд хэлж өг. Бид түүнийг сонсоод, даган мөрдье” гэсэн.
28Та нарыг надтай ярьж байхад ЭЗЭН та нарын дууг сонсоод, надад хандан “Энэ ард түмний чамд хэлсэн үгийг Би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй. 29Тэдний зүрх сэтгэл ийм байж, Надаас эмээн, Миний тушаал бүгдийг үргэлж сахиасай! Тэгээд тэд болон тэдний хөвгүүд үүрд сайн сайхан байх болтугай. 30Чи очоод, тэдэнд «Майхан уруугаа буцацгаа» гэж хэлээд, 31харин чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, хуулийг Би чамд хэлж өгөхийн тулд чи энд Миний дэргэд зогс. Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөг” гэж айлдсан. 32Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй. 33ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд. Тэгвэл та нар амьдарч, сайн сайхан яван, өөрсдийн эзэмших газар нутагт урт наслах болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy